2025 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 23 дугаар хуралдаанаар Шүүгчийн сонгон шалгаруулалтын товыг тогтоох, шүүхийн цахим платформыг нэвтрүүлэлтийн явцтай танилцаж, чиглэл өгөх зэрэг  асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нөлөөллийн мэдүүлэг шалган шийдвэрлүүлэх тухай:

     Нэр бүхий 3 шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлж шийдвэрлэлээ.

Шүүхийн захиргааны ажлын ёс зүйн нийтлэг зохицуулалтын талаар:

   Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн талаарх эрх зүйн орчныг хэлэлцэж, шүүхийн үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх гарын авлага гаргах зэрэг цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өглөө.

Шүүхийн сонгон шалгаруулалтын тайлан;

     Шүүгчийн 9 дэх удаагийн сонгон шалгаруулалт зохион байгуулсан тайлан, цахим системийн талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ажлын албанд үүрэг чиглэл өгсөн.

Шүүхийн сонгон шалгаруулалттай холбоотой зарим арга хэмжээний тухай:
 

      Шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтаар нөхөгдөөгүй анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчийн орон тоо, мөн хуульд заасан бусад үндэслэлээр үүссэн орон тоонд сонгон шалгаруулалт зарлах эсэх, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгч шилжүүлэн томилуулах эсэх, нөөцийн оноотой нэр дэвшигчид санал болгох эсэх асуудлыг хэлэлцэж, тухайн шүүхийн шүүгчийн ачаалал, бусад хамаарах нөхцөлийг харгалзан шийдвэрлэв.

    Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 5, эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 2 орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлалаа. Нэр дэвшигчийн өргөдөл, баримт бичгийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хүлээн авч эхэлнэ. Анхан шатны шүүхийн шүүгчийн 12 орон тоо, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 4 орон тоонд шүүгч шилжүүлэн томилуулах зар байршуулахаар шийдвэрлэлээ.

Шүүхийн сонгон шалгаруулалтын бүртгэлийн системийн талаар:
 

    Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн тус бүр 1 орон тоо, мөн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 орон тоог нөөцөд бүртгэлтэй  нэр дэвшигчдэд санал болгохоор шийдвэрлэв..

Шүүхийн захиргааны ажилтанд тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам” батлах тухай:

   Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 1/1814 дүгээр “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичигт заасны дагуу журмыг шинэчлэн баталлаа.  

Шүүхийн цахимжуулалтын “Цахим шүүх 2.0” Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүхэд нэвтрүүлэх дэд систем (Цөм суурь платформ, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны систем, иргэд, олон нийтийн портал, апп)-ийн танилцуулга, туршилтын үр дүн;

      Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн цахимжуулалтын явц, туршилт нэвтрүүлэлтийн цар хүрээ, тест туршилтаар ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу хийсэн ажлаа гишүүдэд тайлагнав. Цахимжуулалтын явцыг түргэсгэж, хугацаандаа шүүхийн платформыг нэвтрүүлэхийг ажил гүйцэтгэгчид анхааруулж, шаардлагатай бэлтгэл ажлыг хангахыг ажлын алба, цахимжуулалтын төвд үүрэг болгов.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ