Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 21 дүгээр хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр  болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шүүгчийг албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх тухай:

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр 40.2.9 дэх заалтад заасны дагуу шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч нарыг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийг албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх тухай асуудлыг хэлэлцээд, дээрх 3 шүүгчийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэв.

Нөлөөллийн мэдүүлэг шалган шийдвэрлүүлэх тухай:

     Нэр бүхий нэг шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлж шийдвэрлэлээ.

 2026 оны төсвийн хязгаарын санал, 2027, 2028 оны төсвийн төсөөллийн саналын танилцуулга:

    2026 оны төсвийн хязгаарын санал, 2027, 2028 оны төсвийн төсөөллийн саналыг хэлэлцэн УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулах, шүүх хэвийн ажиллах нөхцөлийг хангахад шаардлагатай төсвийн хэмжээ нь улсын нийт төсвийн 2 хувь байх талаар Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогод заасан. Энэ хэмжээнд багтаан шүүхийн төсвийг өргөн мэдүүлэхээр боллоо.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн  шүүхийн шүүгчийн ажлын зохист ачаалал, зохист ачааллыг тооцох аргачлалыг батлах тухай:

    Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн  шүүх 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх байгуулах тухай хуулиар шинэ зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн бөгөөд тус шүүхийн 2025 оны эхний хагас жилд шийдвэрлэсэн хэргийн тоо, ачаалалд үндэслэн, асуумж, ажиглалтын аргаар судалгаа хийж нэгтгэсэн дүн, статистик үзүүлэлтийг үндэс болгон зохист ачааллыг тодорхойлов.   

  Тус шүүхийн шилжилтийн үеийн ачаалал, уг ажиллагааны цахим системийн хэрэглээг нэвтрүүлэх зэрэгтэй холбоотойгоор шүүгчийн ажлын зохист ачааллын хэмжээг эхний хагас жилд хамаарна гэж үзэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 207 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам”-ын 3.3-т заасан “хууль тогтоомж өөрчлөгдсөн” үндэслэлээр ийнхүү зохист ачааллыг шинээр тогтоолоо.

Зарим шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд биечлэн хийсэн аудитын дүнгийн танилцуулга:

   Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Зарим шүүхийнТамгын газрын үйл ажиллагаанд биечлэн хийх аудитын төлөвлөгөө”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд биечлэн хийсэн аудитын дүн болон шүүхийн Тамгын газруудад хүргүүлэх зөвлөмжийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулав.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ