Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежтой хамтарсан 13 дахь удаагийн сургалт (2025.05.12) өдөр Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотод эхэллээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбатаар ахлуулсан Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтан 25 хүн тус сургалтад хамрагдаж байна.
Сургалтад оролцогчдыг Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын дээд зэрэглэлийн шүүхийн дэд дарга Ван Шюйжюнь угтан авлаа. Тэрээр хамтран зохион байгуулдаг энэхүү сургалтад нийт 308 хүн хамрагдсаныг онцлоод “Олон жилийн турш хоёр орны шүүхийн эрх зүйн хамтын ажиллагаа улам гүнзгийрч, харилцан айлчлал, шүүхийн албан хаагчдын сургалт тогтмолжиж, үр дүнд хүрч байгааг тодотголоо. Ялангуяа БНХАУ-ын Ардын дээд шүүх 2024 онд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлтэй байгуулсан харилцаа, хамтын ажиллагааны санамж бичгийг сунгасан нь Өвөр Монголын Өөртөө Засах орны салбар коллеж өмнө нь 5 удаагийн сургалтыг амжилттай зохион байгуулсны үр дүнд 6 дахь сургалтыг ийнхүү зохион байгуулах боломж олголоо гэв.
Энэ удаагийн сургалтаар дамжуулж хоёр орны хууль, эрх зүйн хамтын ажиллагааны үр дүнг бэхжүүлж, шүүхийн захиргааны байгууллагын албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрх зүйн тогтолцоонд илүү их амжилт ололт болно гэдэгт найдаж байгаагаа сургалтын нээлтийн үеэр Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын дээд зэрэглэлийн шүүхийн дэд дарга Ван Шюйжюнь илэрхийллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын дээд шүүхийн удирдлага, тус коллежийн Өвөр Монгол дахь салбарын удирдлагууд оролцов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат хэлсэн үгэндээ энэхүү сургалт нь хоёр улсын шүүгчид, шүүхийн захиргааны албан хаагчдын найрсаг харилцааг бэхжүүлж, “Шүүх эрх мэдлийн шинэтгэл”, Монгол Улсын шүүхийн цахимжилтын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг онцоллоо. Монгол Улсын шүүхийн үйлчилгээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжуулалтын ажил үе шаттай хэрэгжиж буй энэ үед Бээжингийн интернэт шүүхээр зочилж үйл ажиллагаатай танилцаж туршлага судалж, БНХАУ-ын шүүх эрх мэдлийн байгууллагын хөгжлийн тодорхой чиг хандлага, шүүхийн цахимжилтын ололт, амжилт, нэвтрүүлсэн туршлага, техник технологийн дэвшлийг шүүх эрх мэдлийн салбарт хэрхэн ашиглаж байгаа талаар манай шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд туршлага авч Монголын шүүхийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэн, сургалтад оролцогчдод амжилт хүслээ.
БНХАУ-ын шүүхийн зохион байгуулалт, тогтолцоотой танилцах, туршлага судлах арга хэмжээний үеэр ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын дээд шүүхэд зочилж, Хятадын захиргаа болон эрүүгийн, арилжааны хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоо, Хөх хот дахь дүүргийн шүүхүүдтэй танилцах юм.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ