Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 18 дугаар хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нөлөөллийн мэдүүлэг шалган шийдвэрлүүлэх тухай:
Нэр бүхий 5 шүүгчээс ирүүлсэн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлж шийдвэрлэв.
Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх талаарх хуулийн зохицуулалттай болсон 2013 оноос хойш (2025.04.24)-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 91 шүүгчээс /давхардсан тоогоор 102 шүүгчээс/, нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн.
Нөлөөллийн мэдүүлгийг 2024 онд 10 шүүгчээс ирүүлсэн бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл нь “нөлөөллийн мэдүүлэг”-т тэмдэглэн баталгаажуулсан үйлдлийг шалгуулахаар холбогдох “эрх бүхий байгууллага”-д ханддаг ба эрх бүхий байгууллага нь 30 хоногийн дотор шалган шийдвэрлэж, хариу ирүүлэх талаар хуулийн зохицуулалттай. Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгчид нөлөөлөх оролдлого гаргасан 6 этгээдэд 2024 онд 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Шүүгчийн бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох саналыг хэлэлцэж, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч нас барсан тул шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ