Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтран Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийн хүрээнд зохион байгуулсан “Эрх зүйн хөтөч” туршилтаар ажиллуулах хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр (2025.05.09) боллоо.
"Эрх зүйн хөтөч" туршилтын хөтөлбөрийн хүрээнд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дээр 6 эрх зүйн хөтөч ажиллаж, 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 1734 иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.
Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүхийн үйлчилгээний ажилтан нар шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд нэн тэргүүнд шүүхийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд шүүхэд эрх зүйн хөтөч ажилласнаар мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүхийн үйлчилгээний ажилтан нарын ажлын ачааллыг бууруулахад тодорхой үр нөлөө үзүүлж, шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн, шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэсэн үр дүнтэй ажил боллоо. Шүүгчийн туслахад ирэх ажлын ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулсан үзүүлэлт гарав.
Цаашид шүүхэд орон тооны эрх зүйн хөтөч ажилласнаар шүүхээс үйлчилгээ авч буй иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэж, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн үр дүн гарсан талаар мэдээлэв.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР