Шүүхийн ерөнхий зөвлөл 2025 онд улсын хэмжээнд 5 байршилд шүүхийн зориулалтын барилга шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд анхны барилгын шавыг Дархан-Уул аймгаас эхлүүлсэн бол өнөөдөр (2025.05.11) Архангай аймагт олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шав тавих арга хэмжээ боллоо.

   Шүүхийн барилгын шав тавих үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, Р.Онончимэг, Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Архангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Гомбодорж болон тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, гүйцэтгэгч компанийн албан хаагчид оролцов.

   Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д,Зүмбэрэллхам, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Гомбодорж нар  нээж үг хэллээ.

   Архангай аймаг дахь шүүхийн барилгын шав тавих арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам нээж хэлсэн үгэндээ  Монгол Улсын хэмжээнд нийт 88 шүүх, 40 шүүхийн Тамгын газар 40 барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байгаагаас 13 шүүх, 5 шүүхийн Тамгын газар өөрийн байргүйн улмаас банкны, цэргийн ангийн, зах худалдааны төвийн болон бусад зориулалтаар баригдсан шүүхийн стандартад нийцэхгүй барилга байгууламжид шүүх эрх мэдлийн байгууллага ажлаа эрхэлж байгааг онцлов.

     Өнөөдрийн арга хэмжээ нь Монгол Улсад шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй бодит дэвшил бөгөөд Архангай аймаг нь орон нутгийн шүүхүүдээс Улсын хэмжээнд 2 дахь орчин үеийн шүүхийн зориулалтын барилгатай болж байгаагаараа онцлог үйл явдал боллоо. Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар нь аймгийн Засаг даргын Тамгын газрын барилгын зүүн жигүүрт 1992 оноос хойш шүүхийн үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм.

 

 

 

 

     Шинээр баригдах шүүхийн байр нь 25,2х25,2 метрийн хэмжээтэй зоорьтой 4 давхар 3175 м.кв талбайтай. Барилгын ашигтай талбай 2952 м.кв. 1-р давхрын өндөр 4,2 метр, 2-4 давхрын өндөр 3,9 метр   барилгын эзлэхүүн 12229 м.куб. Барилгын гадна хана гантиг чулуун өнгөлгөөтэй 14 шүүгчийн өрөө, 14 шүүгчийн туслахын өрөө, 5 шүүх хурлын танхим, 1 эвлэрүүлэн зуучлах хурлын өрөө, шүүхийн тамгын газрын ажилчдын 9 өрөө, 2 сургалтын танхим, 1 уулзалтын танхим, номын сангийн уншлагын танхим, чийрэгжүүлэх танхим, гэрч тусгаарлах өрөө, хүүхдийн өрөө, хэргийн материалтай танилцах өрөө, эд мөрийн баримт хадгалах өрөө, 10 хүний багтаамжтай түр саатуулах өрөө, архивын өрөө, 8 авто машины зогсоолтой  архитектур төлөвлөлт нь шүүхийн аюулгүй ажиллагаа, хараат бус байдлыг хангахад чиглэсэн шүүхийн үйл ажиллагааны стандартад нийцүүлсэн шийдэлтэй.

 

 

 

     

   Архангай аймаг дахь шүүхийн барилга байгууламжийг “Эсгэл” ХХК 8.0 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барих бөгөөд 2026 оны 11 дүгээр сард ашиглалтад орно.

 

 

Мэдээллийн төв