Шүүхийн ил тод байдлыг хангах, сэтгүүлчдийн хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий “Сэтгүүлчдэд зориулсан эрх зүйн сургалт”-ыг Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал (2024–2026)” төслийн хүрээнд Holiday Inn-ны хурлын танхимд 2 өдөр зохион байгууллаа.
Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чарльз Болланд тэргүүтэй хүндэт зочид оролцов.
Сэтгүүлчид ардчилал, ил тод байдлыг хамгаалахад гол үүрэг гүйцэтгэдэг онцгой мэргэжил гэдгийг тодотгож, шүүхийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн идэвхтэй оролцоо зайлшгүйг Элчин сайд Ина Марчюлёните хэлсэн үгэндээ онцоллоо.
Сэтгүүлчид 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хөтөлбөрийн дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн байранд зочлон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай газар дээр нь танилцахын зэрэгцээ шүүхийн шийдвэрийн талаар олон нийтэд хүргэх мэдээ бэлтгэх практик ажлыг багаар гүйцэтгэлээ.
Нийслэл болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, төрийн болон төрийн бус байгууллагын олон нийттэй харилцах ажилтан зэрэг нийт 30 гаруй хүн оролцож, шүүхийн тогтолцоо ба шударга шүүхийн үндсэн зарчим, шүүхийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, хэвлэл мэдээллийн ёс зүй, үүрэг, хариуцлага, хүүхдийн эрхийг шүүхэд хамгаалах асуудал, шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл бэлтгэх практик, шүүх хуралдаан ажиглах дадлага ажил зэрэг өргөн сэдвээр онол, практикийн туршлага олж авсан үр дүнтэй сургалт боллоо.
Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн ил тод байдал, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллахад анхаарч байгааг сургалтын үеэр оролцогчид болон төслийн багийнхан онцгойлон дурдсан юм.
Сургалтын төгсгөлд сэтгүүлчдэд сертификат гардууллаа. Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилтот үйл ажиллагаа төслийн хүрээнд 2026 он хүртэл үргэлжилнэ.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ