Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 244, 2025 оны 02, 06 дугаар тогтоолоор иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 9, эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 10, захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 9 орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарласан.
Дээрх шүүхэд нэрээ дэвшүүлсэн нийт 43 нэр дэвшигчээс 35 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өгсөн. Нэр дэвшигчид өнөөдөр (2025.04.24) шүүн таслах ажлын туршлага 20 онооны шалгалт өгч давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дууслаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар эрүү, иргэн болон иргэн, захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын үнэлгээг баталсан.
Нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нийт 70 оноотой бөгөөд 50 ба түүнээс дээш оноо авснаар уг шалгалтад тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй болно. Эрүү, иргэн болон иргэн, захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс 20 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн байна.
Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийг баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолтой танилцана уу.
Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарь батлагдсан даруйд цахим хуудаст мэдээлнэ.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ