Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Олон нийтийн сүлжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах зөвлөмж” боловсруулах тухай:

    Цахимжуулалт, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотойгоор “Олон нийтийн сүлжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах зөвлөмж”-ийг боловсруулан, шүүхийн тамгын газарт хүргүүлэх асуудлаар Мэдээлэл технологийн газраас танилцуулга хийв. Танилцуулгад дурдсанаар, өнөөдрийн байдлаар шүүхүүдээс олон нийтийн сошиал платформуудыг (Facebook, Instagram, Twitter, YouTube гэх мэт) мэдээллийн ил тод байдал, иргэд олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор ашиглаж байгаа хэдий ч мэдээллийн аюулгүй байдал, зохистой хэрэглээний дүрэм, журмын зохицуулалт, албан ёсны сувгийг баталгаажуулах асуудал бүрэн шийдэгдээгүй  байгааг онцоллоо.

Үүнтэй холбогдуулан:

  • Олон нийтийн сүлжээнд албан ёсны хаяг, админ эрхийн баталгаажуулалт
  • Нууцлал, аюулгүй байдлыг хангах нэвтрэлтийн хамгаалалт
  • Шүүхийн албан ёсны цахим хуудаст гарсан мэдээллийг олон нийтэд хүргэх, түгээх зорилгоор л олон нийтийн сүлжээн дэх шүүхийн хаягийг ашиглах
  • ISO 27001 стандартыг нэвтрүүлэх, мэдээллийн удирдлагын дүрэм журам боловсруулалт зэрэг асуудлуудыг тусгасан зөвлөмж боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Мөн Цахим хөгжлийн яамнаас авсан мэдээллээр, олон нийтийн сүлжээг төрийн байгууллага ашиглахад зориулсан улсын хэмжээнд батлагдсан эрх зүйн зохицуулалт одоогоор байхгүй тул, цаашид холбогдох дүрэм журмыг шинэчлэн боловсруулах, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог сайжруулах чиглэлд ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

   Хуралдаанд оролцсон гишүүд, хэлэлцсэн гол асуудлуудад санал солилцож, дараах байр суурийг нэгтгэв.

  • Шүүхийн захиргааны байгууллага, шүүхүүд олон нийтийн сүлжээнд мэдээллийг зөвхөн баталгаажсан албан ёсны хаягаар дамжуулан хүргэх,
  • Олон нийтийн сүлжээнд ашиглаж буй шүүхээс нээсэн  бүх хаягуудыг нэгтгэн, албан ёсны хаягуудыг тодорхойлох, админ эрх, аюулгүй байдлыг хангах зохицуулалт хийх,
  • Нэвтрэлтийн хамгаалалт, хэрэглэгчийн эрхийн хяналт, мэдээллийн аюулгүй байдлын бодлого боловсруулах шаардлагатай,
  • Харилцаа холбооны зохицуулах газар болон мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг авч, олон улсын туршлага  болон төрийн байгууллагуудын жишиг, хэрэглээ, дотоод дүрэм журам байгаа эсэхийг судлах,
  •  Шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх,
  •  Олон нийтийн сүлжээн дэх сэтгэгдэл, санал, хүсэлтийг хэрхэн авч үзэх талаар санал гаргах,

  Мөн төрийн байгууллагын цахим хуудас болон олон нийтийн сүлжээний хэрэглээг зохицуулах бодлого, дүрэм журмын судалгаа хийж, төрийн мэдээллийн албан ёсны эх сурвалжийг баталгаажуулах ажлыг эрчимжүүлэх саналуудыг гаргалаа.

       Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай санал:

    Шүүгчээр Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхдээ тасралтгүй 32 жил ажилласан 55 нас хүрсэн шүүгч өөрийн  хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг хүлээн авч хэлэлцэн, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэв.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ