Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр "Twinning" төслийн ахлагч Андреас Штювэ, төслийн суурин зөвлөх Кристоф Копецки нартай уулзалт хийлээ. Уулзалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 104 дүгээр танхимд зохион байгуулав.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, гишүүн Б.Ундрах, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, референт Б.Сугармаа болон “Twinning” төслийн ахлагч Андреас Штювэ, ХБНГУ-ын Хууль зүй, дотоод хэргийн төслийн зохицуулагч Катарина Тегедер, төслийн суурин зөвлөх Кристоф Копецки нар оролцов.
Манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Шүүхийн тогтолцооны шинэчлэл” сэдвийн хүрээнд Европын Холбооны Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөллүүдтэй хийсэн албан уулзалтаар эхэлж байсан түүхтэй бөгөөд шүүхийн захиргаа, удирдлага, шүүхийн процесс болон хүний нөөцийн тогтолцоог шинэчлэх, шүүгчийн карьерын тогтолцоог боловсронгуй болгох, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулж иржээ.
Өнөөдрийн албан ёсны уулзалтаар төсөл хэрэгжих үндсэн чиглэлүүдээ тодорхойлон шүүхийн захиргаа, удирдлагын тогтолцоог сайжруулж, одоогийн тогтолцоонд дүн шинжилгээ хийх, сул талыг тодорхойлох, шүүхийн бүтцийн санал боловсруулах, захиргааны гарын авлага, журмуудыг шинэчлэх сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, шүүхийн ажиллагааг хялбаршуулах чиглэлд шүүхийн тухай болон процессын хуулиудад дүн шинжилгээ хийх шүүхийн дотоод журам, шийдвэр гаргах процессыг сайжруулах, шүүхүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх, шүүхийн захиргааны ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, шүүгчийн карьерын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор шүүгчийн мэргэшлийн шалгуур, үнэлгээний системд дүн шинжилгээ хийх, албан тушаал дэвших, зэрэг карьерын шатлалд шинэ санал боловсруулах, Герман Улсад шүүхийн удирдлага, хүний нөөц, шүүгчийн карьерын талаарх сайн туршлагаас судлах зэргээр харилцан ярилцаж, санал солилцжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг Монгол Улсад “Twinning” төсөл хэрэгжих болсонд талархаад, цаашид шүүхийн захиргааны байгууллагын тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх, шүүхийн тогтолцооны үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Энэхүү төслийн үйл ажиллагаа Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны хэмжээнд хэрэгжих бөгөөд эхний зургаан сарын үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан тогтоох уулзалтууд цаашид үргэлжлэх юм.
Төслийн ахлагчаар Андреас Штювэ Германы Цагдаагийн газрын дарга, олон улсын шүүх, хууль зүйн төслүүдийн туршлагатай, төслийн суурин зөвлөх, Австрийн иргэн, GIZ-ийн төслийн менежер, шүүхийн цахим систем, хүний нөөцийн шинэтгэлээр мэргэшсэн Кристоф Копецки болон Германы шүүгч, хууль зүйн сургалтын олон улсын туршлагатай мэргэжилтэн Увэ Штарк Төслийн бүрэлдэхүүн 2-ыг удирдан ажиллах юм байна.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ