Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Байгалмаа нь өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаартай зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан хамт олноос нь “Хүндэтгэлийн шүүх хуралдаан”-ыг 2025.04.11-ний өдөр зохион байгууллаа.

Шүүгч Х.Байгалмаа ажил амьдралын гаргаагаа 1983 онд Дархан хотоос эхлэн Дархан хотын шүүхэд 1987 онд бичээчээр ажилд орж улсад 40 жил, төрийн албанд 36 жил, шүүгчээр 24 жил ажиллажээ.

Х.Байгалмаа нь Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 2022 оноос эхлэн сэлгэн ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч буйтай холбогдуулан Дархан-Уул аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газар, Говьсүмбэр аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газрын хамт олон хамтран “Хүндэтгэлийн шүүх хуралдаан”-ыг зохион байгуулж үе үеийн ахмад шүүгч, ажилтнууд, гэр бүл, найз нөхөд, хамт олон уригдан оролцлоо.

Хүндэтгэлийн шүүх хуралдааны үеэр хүрэлцэн ирсэн Ерөнхий шүүгч, шүүгч нар, үе үеийн хамт ажиллаж байсан ахмад шүүгч, ажилтнуудын төлөөлөл болон гэр бүл, найз нөхөд нь чин сэтгэлийн үгээ хэлж, шүүгч Х.Байгалмаа нь хууль хэрэглээний өндөр чадвартай, залуу ажилтнуудыг зааж сургах, бусад ажил, хөдөлмөр, ёс зүйгээрээ манлайлан ажилласан талаар сэтгэгдлээ илэрхийлж хүндэтгэл үзүүлэв.

Шүүгч Х.Байгалмаа “Хүндэтгэлийн шүүх хуралдаан”-ыг даргалан явуулж шүүх хуралдаанд уригдан ирсэн зочид болон Говьсүмбэр, Дархан-Уул аймгийн шүүхийн хамт олондоо сэтгэлийн үгээ хэлж талархлаа илэрхийллээ.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Мэдээллийн төв