Тус шүүхийн Тамгын газраас 2025 онд “Хүүхдэд ээлтэй шүүх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Сурагчдын бие даалтын долоо хоногийн хугацаанд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд болон ахлах  ангийн 300 орчим сурагч хамрагдсан байна. 

 

Мөн энэ долоо хоногт “Хүүхдэд ээлтэй шүүх” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албатай хамтран 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа. 

 

Төлөвлөгөөний дагуу арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 163 дугаар сургуулийн ахлах ангийн 4 бүлгийн 123 сурагчийг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулж, Эрүү, Иргэний болон Захиргааны шүүхийн онцлог, маргааны төрөл, шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцооны ач холбогдлын талаар эрх зүйн суурь мэдлэг олгов.  

 

 

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон нэмэлт өөрчлөлтийг таниулах,  гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн орчин дахь цахим соёл, үе тэнгийн дээрэлхэлт, мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх хэлбэрээр сургалтыг тоглоомын аргаар өөрсдийнх нь оролцоотой зохион байгууллаа. 

 

 

Сургалтыг шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Д.Гантулга, Монголын Сурагчдын Холбооны ерөнхий менежер, мэргэжил сонголтын чиглэлээр мэргэшсэн багш Э.Солонго нар орлоо. Тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал сургалтад идэвх, санаачилгатай оролцож, бусдыгаа манлайлсан сурагчдыг урамшуулж, гарын бэлэг гардуулав.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ