Шүүхийн ерөнхий зөвлөл 2025 онд улсын хэмжээнд 5 байршилд шүүхийн зориулалтын барилга шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр (2025.04.07) Дархан-Уул аймагт олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шавыг тавих арга хэмжээгээр эхлүүллээ.
Шүүхийн барилгын шав тавих үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, гишүүн Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцов.
Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүх 1986 онд ашиглалтад орсон хуучны барилгад түрээс төлж үйл ажиллагаа явуулж ирсэн. Уг барилга нь шүүхийн зориулалтын бус, хуучин төлөвлөлттэй тул орчин үеийн шаардлага, стандартад нийцэхгүй байдал үүсээд байсан юм.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 88 шүүх, 40 шүүхийн Тамгын газар 40 байршилд үйл ажиллагаа явуулж байгаагаас 13 шүүх, 5 шүүхийн Тамгын газар өөрийн гэсэн байргүй тул түрээсийн байранд ажиллаж байна. Өөрийн байртай шүүхүүд ч мөн адил шүүхийн зориулалтаар баригдаагүй, банк, худалдааны төв, цэргийн анги зэрэг өөр зориулалтын байранд байрлаж буй нь салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар ирсэн билээ.
Шинээр баригдах шүүхийн байр нь нийт 6138 м.кв талбай бүхий зоорьтой 5 давхар байхаар төлөвлөгдсөн. Иргэд, шүүгч, ажилтнууд, яллагдагч, шүүгдэгчдийн орох, гарах чиглэл тусдаа байхаар зохион байгуулалттай, түр саатуулах өрөөнөөс шууд шүүх танхим руу орох боломжтой цахилгаан болон явган шаттай, иргэдийг хүлээн авах хэсэг, нийт 8 шүүх хуралдааны танхим, 105 м.кв талбай бүхий хуралдааны танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны, өмгөөлөгч, прокурор, насанд хүрээгүй этгээдийн байцаалт авах, архив, сервер зэрэг архитектур төлөвлөлт нь шүүхийн аюулгүй ажиллагаа, хараат бус байдлыг хангахад чиглэсэн шүүхийн үйл ажиллагааны стандартад нийцүүлсэн шийдэлтэй.
Өнөөдрийн арга хэмжээ нь Монгол Улсад шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй бодит дэвшил бөгөөд Дархан-Уул аймаг нь орон нутгийн шүүхүүдээс анхлан Улсын хэмжээнд орчин үеийн шүүхийн зориулалтын барилгатай болж байгаагаараа онцлог үйл явдал боллоо.
Барилгын нийт төсөвт өртөг нь 12.5 тэрбум төгрөг бөгөөд “Бүтээлч трейд” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан. Уг барилга 2026 оны 8 дугаар сард ашиглалтад орно.
Мэдээллийн төв