Шүүгчийн сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт 2025 оны 4 сарын 01-ний Мягмар гарагт эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шалгалтаар эхэллээ.
Анхан шатны шүүхийн нийт 75 сул орон тоонд 203 нэр дэвшигч бүртгэгдсэн.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг баталсан.
Хуваарийн дагуу өнөөдөр (2025.04.01) эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн 63 сул орон тоонд бүртгэгдсэн 119 нэр дэвшигчээс нэгдүгээр ээлжийн 39 иргэн салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалтыг өгч байна.
Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолд заасны дагуу 3 ээлжээр салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалт, мөн эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадварын шалгалтыг өгнө.
Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 70 онооны үнэлгээтэй ба уг шалгалтад 50 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцоно.
Шалгалтад оролцох нэр дэвшигчид цагийн хуваарийн дагуу, хувийн зохион байгуулалтаа хангаж оролцохыг хүсье. Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оролцуулах боломжгүй болохыг анхааруулж байна.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ