Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 42 дугаар тогтоолд нийт 15 иргэн гомдол гаргасан.
Гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 27, 28, 31-ний өдрүүдэд хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Б.Баасанжавыг, 50 дугаар тогтоолоор Ч.Батсүхийг, 51 дүгээр тогтоолоор Ж.Мөнхдэлгэрийг тус тус нэр дэвшигчээр бүртгэв.
Бусад анхан шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлсэн 10 иргэн, давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлсэн 1 иргэн, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлсэн 1 иргэний гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.9 дэх хэсэгт заасан хүчинтэй үнэлгээгээр эрэмбэлэгдэх гомдол гаргасан 4 шүүгчийн гомдлыг хэлэлцээд дараах байдлаар шийдвэрлэв:
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.9 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээ хүчинтэй үед нэр дэвшигчээр бүртгүүлэх өргөдөл, баримт бичгээ ирүүлсэн захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшсэн Ц.Мөнхзул, Ц.Одмаа, Л.Одбаатар нар нөөцийн оноогоор эрэмбэлэгдэх боломжтой гэж;
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.9 дэх хэсэгт заасан үнэлгээ хүчинтэй байх хугацаа дууссаны дараа нэр дэвшигчээр бүртгүүлэх өргөдөл, баримт бичгээ ирүүлсэн захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшсэн Б.Сугиржавыг нөөцийн оноогоор эрэмбэлэх боломжгүй тухай хариуг хүргүүллээ.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР