Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын дэргэдэх "Олон улсын манлайллын төв" (COIL)–өөс санаачлан хэрэгжүүлдэг “Нээлттэй дэлхий” хөтөлбөрт энэ жил “Шүүхийн цахимжилт” сэдвийн хүрээнд Монгол Улсаас сонгогдсон оролцогчид оролцохоор боллоо.

     Тус хөтөлбөр 2025 оны дөрөвдүгээр сарын 23-наас тавдугаар сарын 3-ны хооронд Америкийн нэгдсэн Улсад зохион байгуулагдах бөгөөд энэ удаагийн сэдэв нь Монголын шүүхийн тогтолцоонд тулгамдаж буй шинэчлэл, дижитал шилжилтийн асуудалд төвлөрч байгаа юм.

      Энэ жилийн хөтөлбөрт Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагуудаас 110 гаруй оролцох хүсэлт ирүүлсэн байна. Тэдгээрээс хөтөлбөрийн шалгуур, шаардлагад нийцсэн дараах таван оролцогч сонгогджээ. Үүнд:

  • Улсын дээд шүүхийн Захиргааны танхимын шүүгч М.Батсуурь
  • Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах
  • Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын дарга Ч.Ханддулам
  • Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын дарга О.Солонго
  • Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга С.Баянмөнх

      Хөтөлбөрт оролцогчдоос өмнө нь Америкийн нэгдсэн Улсын төрийн санхүүжилттэй ижил төстэй хөтөлбөрт хамрагдаж байгаагүй байх, Монголын түүх, соёлын талаар танилцуулах чадамжтай байх, мөн төгсөгчдийн сүлжээний үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зэрэг шаардлагуудыг тавьсан байна.

   “Нээлттэй дэлхий” хөтөлбөр нь Америкийн нэгдсэн Улсад болон түнш орнуудын шүүгч, хуульч, захиргааны ажилтнуудын хооронд туршлага солилцох, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготой хөтөлбөр бөгөөд манай улсын хувьд шүүхийн шинэчлэл, ил тод байдал, технологийн дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн салбарынхан онцолж байна.

Мэдээллийн төв