Шүүхийн ерөнхий зөвлөл 2025 оны гуравдугаар сарын 20, 21, 24-ний өдрүүдэд хуралдаж, анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Уг хурлаар нийт давхардсан тоогоор 272 нэр дэвшигчийг шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцуулахаар бүртгэн шийдвэрлэж шалгалтын хуваарийг баталсан байна.
Анхан шатны шүүхийн дор дурдсан нийт 75 сул орон тоонд 200 нэр дэвшигч бүртгэгдсэнээс эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн 63 сул орон тоонд 117 нэр дэвшигч, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 2 сул орон тоонд 43, захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 10 сул орон тоонд 40 хуульч шалгалт өгнө.
Давж заалдах шатны шүүхийн 38 сул орон тоонд нийт 58, хяналтын шатны шүүхийн 4 сул орон тоонд 14 шүүгчийг нэр дэвшигчээр бүртгэв. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.6-д зааснаар хяналтын шатны шүүхийн 24 шүүгчийн 1/3 хүртэлх орон тоонд 10-аас доошгүй жил ажилласан хууль зүйн сургуулийн багш, прокурор эсхүл өмгөөлөгч нэр дэвшиж болох ч энэ удаагийн сонгон шалгаруулалтад шүүгчид нэрээ дэвшүүлсэн байна.
Шүүгчийн сонгон шалгаруулалт нь 2 үе шаттай ба бичгийн шалгалт буюу хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг 2025 оны 4 сарын 1-ний Мягмар гарагт анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шалгалтаар эхэлнэ. Шалгалтын хуваарийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудасны ... линкээр орж танилцах боломжтой.
Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд [email protected] цахим хаягаар хүлээн авч байна. Та нэр дэвшигчтэй холбоотой асуулт, саналаа ирүүлнэ үү.
Шүүхийн тухай хуульд зааснаар бүх нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд танилцуулна.
Мэдээллийн төв