Европын Холбооны санхүүжилттэй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024-2026) төслийн хүрээнд Монгол Улсад шүүхийн үйлчилгээг сайжруулах зорилгоор шүүхийн байранд иргэдэд зөвлөн туслах эрх зүйн хөтөчийг туршилтаар ажиллуулж эхэллээ.
Энэхүү туршилтын ажил 2025 оны хоёрдугаар сарын 24-нөөс эхэлсэн бөгөөд өнөөдөр (2025.03.12) төслийн хэрэгжилттэй танилцаж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Шүүхийн байранд ажиллаж буй эрх зүйн хөтөч нь нэхэмжлэл бичих заавар, шаардлагатай баримт бичгийн талаар тайлбарлах, “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэл”-ийн талаар зөвлөх, улсын тэмдэгтийн хураамж тооцох, төлөхөд туслах, “Гэрэгэ киоск” машиныг ашиглах аргачлал заах, нэхэмжлэл хуваарилагдсан шүүгч нэр, шүүгчийн туслахтай холбоотой мэдээлэл өгөх, Шүүхийн архиваас лавлагаа, тодорхойлолт авахад туслалцаа үзүүлэх зэргээр иргэдэд шүүхийн үйлчилгээг хялбар, ойлгомжтой байлгах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.
Туршилтаар нийт 17 эрх зүйн хөтөч сонгогдож, дөрвөн багт хуваагдан шүүхийн байранд ажиллаж байгаа бөгөөд туршилтын хугацаанд (2025 оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр сар) эдгээр хөтөч нар нийт 96 цаг ажиллах юм байна.
2025 оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд нийт 96 цаг ажиллах хуваарьтай. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээр энэ хугацаанд үйлчлүүлсэн иргэдийн 50 гаруй хувь нь нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн загвар бөглөх, хаана, ямар шүүхэд хандах, хэргийн шийдвэрлэлтийн явц, холбоо барих мэдээлэл авах зэрэг асуудлаар хөтөчдөд хандаж байна гэв.
Энэхүү туршилтын үр дүнд шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүдийн ажлын ачаалал буурсан, иргэдийн сэтгэл ханамж дээшилсэн, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан гэсэн эерэг нөлөө үзүүлж байгааг холбогдох албаныхан онцолж байна.
Туршилтын явц, үр дүнтэй танилцах хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, Мэдээллийн төвийн дарга М.Наранчимэг, Мэдээлэл, ёслол хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Намунаа, Ө.Уртнасан, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Зохион байгуулалтын хэлтсийн дарга И.Энхцэцэг, Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Т.Цэрэнчимэд, холбогдох албаныхан болон Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн менежер Арно Апприю, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын (ОУЭЗХБ) Монгол дахь суурин төлөөлөгч Чарьлз Болланд, ОУЭЗХБ-ын төслийн зохицуулагч Б.Баясгалан, төслийн менежер Н.Одонтуяа, төслийн зөвлөх Г.Энхтуяа, мэргэжилтэн Б.Ундрахбуян нар оролцов.
Цаашид уг үйлчилгээг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг хангах асуудлыг хэлэлцэж, туршилтын ажлын дүнг дүгнэх төлөвлөгөө гаргасан байна.
Мэдээллийн төв