Австралийн Холбооны Улсад 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 03 дугаар сарын 14-ний өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, А.Отгонцэцэг, С.Энхбаатар, Л.Энхбилэг болон Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын референт Б.Сугармаа, Эвлэрүүлэн зуучлагч, зөвлөх Р.Ичинхорлоо нар албан айлчлал хийж байна.

     Айлчлалын хүрээнд Шүүх байгуулах тухай хуульд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс байгуулахтай холбогдуулан Австралийн холбооны тойргийн болон гэр бүлийн шүүхэд зочиллоо.

 

 

     Төлөөлөгчдийг тус шүүхийн шүүгч Марк Андерсон болон Грант Ретмюллер нар хүлээн авч уулзан, Монгол Улсад гэр бүл, хүүхдийн шүүх байгуулагдах болсонд баяр хүргэж, гэр бүл хүүхэд, цаашлаад нийгмийн сайн сайхны төлөөх томоохон алхам болохыг онцлов.

     Мөн Бүртгэл мэдээллийн хэлтсийн менежер Жэймон болон Хууль зүйн туслалцааны төвийн хуульч, өмгөөлөгч Рүт Пилкинтон нар тус шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг танилцууллаа.

 

 

     2021 онд Австралийн Холбооны тойргийн болон гэр бүлийн шүүхийн тухай хууль батлагдсанаар тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг байсан Австралийн Холбооны тойргийн шүүх, гэр бүлийн шүүхүүд нэгдэж Австралийн Холбооны тойргийн болон гэр бүлийн шүүх болж, 1 дүгээр хэлтэс, 2 дугаар хэлтэс гэсэн хоёр тусдаа бүтэцтэй болсон байна.

     Австралийн Холбооны Улсын Үндсэн хуулийн III бүлгийн дагуу 1975 онд Парламентаас байгуулагдсан дээд шатны шүүх болох Австралийн Гэр бүлийн шүүх нь гэр бүлийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, хамгийн нарийн төвөгтэй гэр бүлийн эрх зүйн хэрэг, давж заалдах хэргийг хянан шийдвэрлэдэг байсан бөгөөд тус шүүхийн үйл ажиллагааг Австралийн Холбооны тойргийн болон гэр бүлийн шүүхийн 1 дүгээр хэлтэс, 2000 онд Парламентаас байгуулагдсан өргөн хүрээний холбооны эрх мэдэл бүхий дунд шатны шүүх болох Австралийн Холбооны тойргийн шүүх нь гэр бүлийн эрх зүй, цагаачлал, шударга хөдөлмөр, дампуурал, оюуны өмч, хэрэглэгчийн эрх, хүний эрх болон захиргааны эрх зүйн хэргийг хянан шийдвэрлэдэг байсан бөгөөд тус шүүхийн үйл ажиллагааг Австралийн Холбооны тойргийн болон гэр бүлийн шүүхийн 2 дугаар хэлтэс тус тус хариуцан хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг байна.

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР