Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар зарлигаар ахмад шүүгч, хууль зүйн салбарт 46 жил ажилласан Их Шарнууд овогт Доржийн Тайванхүүд "Монгол Улсын гавьяат хуульч" цол олголоо.

 

 

    Д.Тайванхүү нь 1976 онд Хууль цаазын дунд сургуулийг төгссөнөөр хуулийн салбарт ажиллах гараагаа эхлүүлж, Цэргийн шүүхийн байгууллагад томилогдсон юм. Тэрбээр Ховд хот дахь Цэргийн хүрээний тусгай шүүхийн дарга, Ховд аймгийн шүүхийн дарга, тус аймгийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Булган аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байв. Мөн Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч зэрэг албан тушаалд ажиллаж, шүүхийн салбарт мэргэжлийн өндөр ур чадвараараа танигдсан юм.

     Тэрбээр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиглэлээр хувь нэмэр оруулж, орон нутгийн шүүхийн байгууллагыг чадавхжуулахад онцгой анхаарч ажиллажээ. Тэр дундаа залуу шүүгчдийг сургаж, дадлагажуулах ажлыг идэвхтэй зохион байгуулсан бөгөөд анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргүүдийн судалгааг хийж, 39 тойм, шүүгчдийн гаргасан алдаа зөрчлийн талаар 139 зөвлөмж боловсруулан, салбарын ажилтнуудад зориулсан гарын авлага бэлтгэсэн байна.

    Мэргэжлийн өндөр ур чадвар, зарчимч зан чанараараа хөдөлмөрийн хамт олныхоо итгэл хүндэтгэлийг хүлээсэн тэрбээр Монгол Улсын шүүхийн байгууллагад олон жилийн турш үр бүтээлтэй ажилласан шилдэг хуульчдын нэг юм. Түүний энэхүү хөдөлмөр зүтгэлийг Монгол төр үнэлж, “Монгол Улсын гавьяат хуульч” цолоор шагнасан нь шударга ёсны үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь баталгаажуулсан онцгой үнэлэмж байлаа.

        Ахмад шүүгч Д.Тайванхүү танд баяр хүргэж, эрүүл энх, урт удаан наслахын ерөөл өргөе!

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ