Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг Истанбул хотын хамгийн том шүүх болох Çağlayan дүүрэгт байрлах Истанбулын Шүүхийн ордон (Istanbul Adalet Sarayı)-нд Шүүхийн ордны Хууль зүйн комиссын Ерөнхийлөгч ноён Саят Өздемир, Истанбул хотын Ерөнхий прокурор Акын Гүрлек нар тус тус хүлээн авч, шүүхийн үйл ажиллагаатай танилцуулсан байна.
Энэ ордон зөвхөн Бүгд Нараймдах Турк Улсад төдийгүй Европ дахь хамгийн том шүүхийн байгууламж гэж тооцогддог. Хууль зүйн ордон нь 2011 онд ашиглалтад орсон бөгөөд нийт 343,000 м2 талбайтай, 245 шүүх хурлын танхимтай, нийт 3250 шүүгч, прокурор ажиллагдаг. Тус шүүх өдөрт 34,000 орчим хүнд үйлчилдэг аж.
Бүгд Найрамдах Турк Улсын шүүхийн үйл ажиллагаа бүрэн цахимжсан ба энэ талаар европт төдийгүй дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрчээ. Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд ашигладаг системийг Казакстан, Туркменистан, Киргизстан, Узбекистан, Пакистан, Афганистан, Тажикстан зэрэг /стан/-ын бусад улсад ч ашигладаг байна.
Иргэний төдийгүй эрүүгийн шүүх хуралдаанд хэргийн оролцогч зайнаас оролцох боломжтой. Шүүх хуралдааны танхим цахим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхээр бүрэн тоноглогджээ.
Цахим системд шийдвэрлэж дууссан хэргийг цахимын зэрэгцээ цаасан хувилбараар давхар хадгалж байна. Гэр бүлийн шүүхийн үйл ажиллагаатай танилцсан ба бүрэн цахимжсан тус шүүхийн нэг шүүгч 2024 онд ойролцоогоор 800 гаруй хэргийг шийдвэрлэсэн гэв.
Төлөөлөгчид өмгөөлөгчийг мэргэжлийн үүргийн зөрчил гаргасан эсэхийг шийдвэрлэж буй 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй анхан шатны шүүх хуралдаанд ажиглагчаар оролцсон байна. Бүгд Найрамдах Турк Улсын шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн цахимжилттай танилцсанаар Монгол Улсад шүүхийн цахимжилтыг эрчимжүүлэх, энэ чиглэлд хамтран ажиллах боломжийг нээж өгсөн онцлогтой айлчлал боллоо.
Мэдээллийн төв