Шүүхийн цахимжуулалтыг эрчимжүүлэх, “Цахим шүүх-2.0” цөм системийн нэвтрүүлэлт болон нэвтрүүлэлтийн үе шат, төслийн хэрэгжилтийн нөхцөл байдлын талаар санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Иргэн, захиргаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны системын хөгжүүлэлтийг эрчимжүүлэх ажлын дэд хэсгүүд, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны төлөөллөөс бүрдэх Инноваци, цахимжуулалтын хорооны гишүүдийн хамтарсан уулзалтад Улсын дээд шүүхийн төлөөлөл оролцсонтой холбоотой “Цахим шүүх 2.0” системийн гүйцэтгэггч Ай Си Си ХК-ийн үүсгэн байгуулагч Г.Лхамсүрэн өөрийн компани, хийсэн бүтээн байгууллалтын ажлыг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн цахимжуулалтын төвийн дарга Т.Мөнхбаяр “Цахим шүүх-2.0” цөм систем, Цахим хөгжил мэдээллийн технологийн удирдлагын газрын дарга Г.Мөнхбаяр мэдээллийн аюулгүй байдлыг хангах төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.
“Цахим шүүх-2.0” цөм системийн хөгжүүлэлтийн явц нэвтрүүлэлтийн үе шатны төлөвлөгөө, иргэн, олон нийтийн систем, иргэний тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем, шүүхийн цагдан хорионы саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн системийн эхний хувилбарыг “Ай Си Ти Групп” ХК-ийн дижитал шийдлийн газрын захирал Ч.Урандэлгэр танилцуулав.
Улсын дээд шүүхийн төлөөлөл, бусад оролцогчдын асуултад Шүүхийн цахимжуулалтын төвийн дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, гүйцэтгэгч компанийн удирдлага хариуллаа.
Уулзалтад оролцогчид цахимжуулалтын туршилт, нэвтрүүлэлтийг үе шаттайгээр хэрэгжүүлж, практикт нэвтрүүлэхдээ Улсын дээд шүүхийн оролцоог анхаарч, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан ойлголцож, хамтран ажиллах нь чухал болох, шүүхийн цахимжуулалтын эцсийн үр ашгийг хэргийн оролцогч иргэд хүртэх тул бэлтгэл ажилд анхаарч ажиллахыг зөвлөв.
Уулзалт, хэлэлцүүлгийг 2025 оны 02 сарын 07-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлын танхимд зохион байгуулсан юм.
Мэдээллийн төв