Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийн үйл ажиллагааны хүрээнд  сэтгүүлчийг шүүхээр мэргэшүүлэх, шүүхийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, бусад хууль шүүхийн байгууллагаас ялгаатай байдлыг таниулах, ингэснээр сэтгүүлчдийн шүүхийн талаарх эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх  зорилгоор цуврал уулзалт, хэлэлцүүлгийг төсөл хэрэгжих хугацаанд явуулахаар төлөвлөсөн. Өнөөдөр  Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд  (2025.02.06)  “Шүүхийн ил тод байдал ба хэвлэл мэдээлэл”  сэдэвт уулзалтыг Шүүхийн сахилгын хороо, төслийн багтай хамтран зохион байгууллаа.

           Уулзалтыг Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-ын Монгол дахь суурин төлөөлөгч Чарльз Болланд, Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа нар нээж үг хэлсэн бөгөөд тус хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Шүүгчдийн холбоог төлөөлж, тус Холбооны тэргүүн, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Батбаатар, хуульчдын холбооны төлөөлөл, төслийн багийн зохицуулагч, менежер, мэдээллийн зөвлөх болон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, хуульч, эрх зүйч, иргэний нийгмийн төлөөлөл оролцов.

            Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа  “Шүүхийн сахилгын хорооны танилцуулга, статистик мэдээ”, тус хорооны гишүүн Ц.Давхарбаяр  “Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс, онцлог” , гишүүн С.Энхтөр “Шүүгчид хориглосон, хязгаарласан үүрэг болгосон заалт болон шүүгчийн гаргаж буй түгээмэл зөрчил”, Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны дарга Д.Мөнхзориг “Шүүхийн сахилгын хорооны нээлттэй ил тод байдал болон  цахим шилжилт” сэдвээр тус тус мэдээлэл, танилцуулга хийж, Шүүхийн сахилгын хорооны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Мөнх-Алдар сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөлөл, шүүхийн хэвлэл мэдээллийн ажилтан нарыг  багт хувааж, “Шүүхийн сахилгын хороо ба хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөд тулгарч буй асуудал болон сэтгүүлч шүүхийн байгууллагаас мэдээлэл олж авахад тохиолддог хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцаж, мэдээлэл солилцсон хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. 

   

                                                            Мэдээллийн төв