“Цахим эрх зүй, түүний хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Герман, европын эрх зүйн төв хамтран 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлын танхимд зохион байгууллаа. Тус хурлыг хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын дээд шүүх, ХБНГУ-ын Вюрцбургийн их сургууль, ХБНГУ-ын Ханнс Зайделын сангийн Монгол улс дахь Төлөөлөгчийн газар оролцлоо.
Хурлыг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг хэлсэн үгэндээ: Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийг дагаад шүүхийн системд дэвшилтэд технологийг нэвтрүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Шүүхийн цахимжуулалтыг хөгжүүлэх “Цахим шүүх-2.0” төслийг нэвтрүүлэхээр бид зорьж, эхний үе шатыг 2024 оны эхний хагас жилд амжилттай нэвтрүүлж, системийн хөгжүүлэлт суурилуулалтын ажлыг эхлүүлээд байна. Шүүхийн цахимжуулалтыг сайжруулснаар иргэн эрхээ хамгаалах боломжийг дээшлүүлэх, цахим хэлбэрээр шүүхээс хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх, иргэдийн цаг хугацааг хэмнэх гэх зэрэг олон давуу талыг иргэд хүртэхийг онцоллоо.
Мөн ХБНГУ-ын Ханнс-Зайделиийн Сангийн Суурин төлөөлөгч Феликс Гленк, ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн эрүү, эрүүгийн процессын эрх зүй, мэдээллийн эрх зүй, эрх зүйн информатикийн тэнхимийн эрхлэгч Доктор, профессор Эрик Хилгендорф нар нээлтийн үг хэлэв.
Тус хуралд гадаад улсын илтгэгчид хиймэл оюун ухааны хэрэглээний талаарх дараах сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэв. ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн профессор, философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, эрүү, эрүүгийн процессын эрх зүй, мэдээллийн эрх зүй, эрх зүйн информатикийн тэнхимийн эрхлэгч, Эрик Хилгендорф “Захиргаа ба шүүх эрх мэдэл дэх хиймэл оюун ухааны хэрэглээ, БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн профессор, доктор, Хууль, хиймэл оюун ухааны лаборатори-судалгааны төвийн дэд захирал Сү Жианг “Хиймэл оюун ухаан ба ялын бодлого: Хятад улсын туршлага, сорилт” Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Киквитийн Их сургуулийн профессор, иргэний эрх зүйн хууль зүйн доктор Лумингү Манзанза “Конго Улсын цахимжуулалт, тулгамдаж буй асуудал”, ХБНГУ-ын Жордан энд Доктор Ауферманн өмгөөллийн фирмийн партнер хууль зүйн доктор Сэвэрин Лойффлер, “Цахимжилт ба өмгөөлөл-практик туршлага”, Вюрцбургийн их сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн судлаач Николас Хертлайн “Цахимжилтын аюул занал-хуурамч дүрс бичлэг ба эрүүгийн эрх зүй” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн. Харин үндэсний илтгэгчид Монгол Улсын цахимжилт, шүүхийн цахимжуулалтын өнөөгийн байдал, анхаарах асуудлыг онцлон авч үзлээ. Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Нагояагийн их сургуулийн хууль зүйн доктор Н.Баярмаа, “Цахимжуулалт: Монгол Улсын шүүхийн онцлог, сорилт”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, ХБНГУ-ын Людвиг максимлианы их сургуулийн хууль зүйн магистр Н.Баасанжав, “Процессын эрх зүй ба цахимжилт:Хялбар ажиллагааны шүүх” Цахим Хөгжил Инновац, Харилцаа Холбооны Яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ш.Батзаяат, “Монгол Улсын цахим хөгжил: Иргэн төрийн байгууллагатай цахимаар харилцах боломж” МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн магистр, докторант Б.Баасандорж “Цахимжуулалт ба үр ашгийн шинжилгээ” сэдвүүдээр илтгэлээ хэлэлцүүллээ.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Герман, европын эрх зүйн төвийн захирал, доктор, дэд профессор Т.Золбоо эрдэм шинжилгээний хурлын ач холбогдлыг үнэлэн дүгнэж хэлэхдээ: Шүүхийн цахимжуулалт бол шинэ зүйл учраас шинжлэх ухаанч нотолгоонд суурилан маш нухацтай хандах нь зүйтэй. Өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлээс бид ялангуяа цахимжуулалтад юунд анхаарах, юунаас болгоомжлох тухай, хиймэл оюун ухаанд шүүгчийн итгэл хэр байх, гэм буруугийн хэргийг цахим эрх зүйгээр шийдэж болох боломжтой байж болох зэрэг салбар эрх зүйн онцлогтой асуудлуудаар олон улсын илтгэгч нарын туршлага, судалгаа, практикыг сонсож, өөрийн орны цахимжуулалтыг гаднаасаа харах боломж олголоо. Монгол Улсын шүүхийн цахимжуулалт хэмээх өргөн далайцтай ажлыг хамгийн бага зардлаар богино хугацаанд хэрхэн хийж болохыг, иргэнд шүүхийн үйлчилгээг хамгийн богино хугацаанд хамгийн бага зардлаар хүргэх боломжтой гэдэгт итгэж байна. Үүний зэрэгцээ цахим эрх зүй, шүүхийн цахимжилтад хамгийн болгоомжтой хянуур хандах ёстойг хурлын илтгэлээс бид анзаарч харлаа гэж тус олон улсын эрдэм шинжилгээний хурлын онцлог, ач холбогдлыг дүгнэж хэлсэн юм.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлтэй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Герман, европын эрх зүйн төв хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан бөгөөд энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал хамтын ажиллагааны эхлэл боллоо.
Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг хааж, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр: цаг үеэ мэдэрсэн, үнэ цэнтэй илтгэлүүд хэлэлцүүснийг онцлон тэмдэглээд, оролцогчид оновчтой асуултыг илтгэгчдээс асууж харилцан санал бодлоо илэрхийлсэн ажил хэрэгч хурал боллоо гэв.
Тус хуралд бүх шатны шүүгчдийн төлөөлөл, ШЕЗ-ийн гишүүд, шүүхийн Тамгын газрын ажилтан албан хаагчид, төрийн байгууллага, хуулийн байгууллагууд, Хууль зүйн их сургуулийн судлаач багш нар, хуулийн чиглэлээр ажилладаг ТББ, холбоод, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн инновац-цахимжуулалтын хороо зэрэг 28 байгууллагын 80 гаруй оролцогч танхимаар, 117 оролцогч цахимаар нийт 200 гаруй хүн оролцов.
ШЕЗ-ийн Мэдээллийн төв