Шүүхийн цахимжуулалтыг эрчимжүүлэх, шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Улсын дээд шүүхийн хурлын танхимд хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Өнөөдрийн уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаны төлөөлөл, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, нийслэл дэх эрүүгийн, иргэний, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийн төлөөлөл оролцов.
Шүүгч, гишүүдэд “Цахим шүүх 2.0” төслийн ажлын явц, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжуулалтын хөгжүүлэлт, туршилтын үр дүн, нэвтрүүлэлтийн төлөвлөгөөг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн цахимжуулалтын төвийн ахлагч Т.Мөнхбаяр танилцуулж, асуулт хариулт явагдаж, санал солилцлоо.
Мөн бусад асуудлын хүрээнд 2025 оны 01 сарын 01-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулиар байгуулагдсан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн орон тоо, зохист ачааллын талаар ярилцаж, УИХ-ын шүүгчийн орон тоо тогтоосон 53 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, шүүгчийн ачааллыг шийдвэрлэх шаардлагатайг онцлов.
Уулзалтын төгсгөлд оролцогчид өнөөдрийн хамтарсан уулзалтыг цаг үеэ олсон, ач холбогдолтой болсныг илэрхийлэн, цаашид хамтарсан уулзалтыг тогтмол хийж байхаар тогтлоо.
Мэдээллийн төв