Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн нэмэлт, өөрчлөлт 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 189 дугаартай зарлигаар нэр бүхий шүүгчдийг Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилж, өмнө ажиллаж байсан шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлснийг Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин танилцууллаа.
Мөн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Т.Хүрэлбаатар сонгогдож, Ерөнхий шүүгчид шүүхийн тамга, тэмдэг гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон нэр бүхий шүүгч нарт Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг, Шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин нарын зүгээс хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардууллаа.
Хууль ийнхүү хэрэгжсэнээр анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа эрүү, иргэний хэрэг, эрүүгийн хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлж, уг хэрэг, маргааны төрөлд хамаарах шинээр ирж буй хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг мөн шүүх хүлээн авч шийдвэрлэх юм.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон шүүгчдэд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР