Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Гэр бүл, хүүхдийн шүүх байгуулах эрх зүйн орчин бүрдүүлж байна. Гэр бүл, хүүхдийн шүүх байгуулах тухай хуулийг энэ оны 6 дугаар сарын 5-нд баталсан бол 2026 оны нэгдүгээр сарын нэгнээс дагаж мөрдөнө. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэгээс тодрууллаа.

       -Гэр бүл, хүүхдийн шүүх байгуулах эрх зүйн үндэс юу вэ?

      Монгол Улс НҮБ-аас 1989 онд баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцад 1990 онд нэгдэн орсон. Тус конвенц болон НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүүхэд онцгой халамж, хамгаалалт, туслалцаа авах эрхтэй гэж тунхаглаад, хүүхэд бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн учир онцгой халамж, эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатай” гэж заасан.

      Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ үндэс болгон, үндэсний хэмжээнд хүүхдийн хөгжил, халамж, хамгаалалтыг тусгасан хууль тогтоомжуудыг батлан хэрэгжүүлж байна.

     Манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах талаар Гэр бүлийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгждэг. Эдгээр хуулийн хүрээнд Засгийн газар, төрийн байгууллага, агентлагууд ажилладаг. Манайд Ийм эрх зүйн үндэс нь бүрдсэн ч шүүхийн хамгаалалт тусгайлан бий болоогүй байсан. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн эрх зүйн хамгаалалт байх шаардлагатай гэсэн саналаа 2023 оноос илэрхийлж, Гэр бүл, хүүхдийн шүүх байгуулах санаачилгыг гаргаж, УИХ хуулийг баталснаар хүүхэд эрх зүйн онцгой хамгаалалттай байх үндэсний хэмжээний тогтолцоотой болох эрх зүйн үндэс бүрдээд байна.

     -Манай улсад Гэр бүл, хүүхдийн шүүх байгуулах хэрэгцээ, шаардлага байв уу?

     Монгол Улсын хүн ам харьцангуй залуу. Хүүхэд залуусын эх орон гэдэг шүү дээ. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил хийдэг ч хүүхдийн зөрчигдсөн эрхийг тусгайлан хамгаалсан шүүхийн тогтолцоо байгаагүй. Ердийн харьяаллын буюу эрүү, иргэний хэргийн шүүхээр гэр бүл, хүүхдийн хохирсон хэргийг шийддэг.

     Өнгөрсөн оны статистик мэдээг харахад, улсын хэмжээнд иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдсэн гэр бүлийн хэрэг 106 мянга гаруй, гэр бүлийн тухай хуулиар хянан шийдсэн хэрэг 6 мянга орчим байна. Нийслэлд Гэр бүлийн тухай хуулиар хянан шийдсэн 3300, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдсэн гэр бүлийн хэрэг, маргаан улсын хэмжээнд 99, нийслэлд 29 байна.

 

 

      Мөн, улсын хэмжээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн хэрэг 8970 байгаа бол нийслэлд 5190 байна. Улсын хэмжээнд хянан шийдсэн эрүүгийн хэрэгт 1164 хүүхэд хохирсон, нийслэлд хянан шийдсэн эрүүгийн хэрэгт 587 хүүхэд хохирсон байна. Энэ мэтчилэн шүүхийн шийдэж буй хэргийн багагүй хувийг хүүхэдтэй холбоотой хэрэг эзэлж байгаа тул дагнасан шүүх байгуулах хэрэгцээ шаардлага байгаа гэсэн үг юм.

       -Гэр бүл, хүүхдийн шүүхтэй болчихвол үр өгөөж нь яаж илрэх бол?

     Гэр бүл, хүүхдийн хэргийг тусгайлан авч үзээд, мэргэшсэн шүүгчдээр шүүлгээд, мэргэшсэн ажилтнууд оролцоод явбал хүүхдийн эрхийн конвенцад заасан эрх зүйн онцгой хамгаалалт байх ёстой гэсэн үүргээ бодитоор хэрэгжинэ гэсэн үг. Тэгэхээр мэргэшсэн шүүгч, сэтгэл зүйчийг оролцуулан гэр бүлийн хэрэг, маргаанаа шийдүүлбэл үр дүнг нь хохирогч болон гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд хүртэж, эрх зүйн хамгаалалт бодитой болох юм

     -Гэр бүл, хүүхдийн шүүхийн тухай хуулийн талаар тодруулж ярина уу?

     Гэр бүл, хүүхдийн шүүх байгуулах тухай хуулиар нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн анхан шатны шүүх   28 шүүгчтэй, давж заалдах шатны Гэр бүл, хүүхдийн шүүх 16 шүүгчтэй байх юм. 2026 оны 1 дүгээр сарын 1 хүртэлх бүтэн жилийн хугацаанд шүүхийн үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө шаардлагатай бүх бэлтгэлээ хангах ёстой.

     -Гэр бүл, хүүхдийн шүүх байгуулахаас өмнөх бэлтгэл ажлынхаа талаар дурдвал?

     Гэр бүл, хүүхэдтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэх процессын хуулийг боловсруулж батлуулах ажлын хэсэг байгуулаад байгаа. Мөн шүүхийн байр, хангамж ярьж байна. Одоогоор шүүхүүд байргүй, хүрэлцээгүй байгаа. Гэр бүл, хүүхдийн шүүхэд байр зайлшгүй хэрэгтэй. Хүүхдийн хэрэгцээ шаардлагад тохирсон, гэр бүлийн орчинд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц, шүүхийн үйл ажиллагаанд оролцож байгаа гэх дарамт мэдрэмж төрүүлэхээргүй байр байх ёстой.

     Мөн, гэр бүл, хүүхдийн маргааны хэргийг тусгайлан шийдэж байгаагүй учир энэ чиглэлийн нарийн мэргэшсэн шүүгч байхгүй. Туршлагатай, гэр бүлийн маргаан шийддэг, сургалтад хамрагдсан шүүгчид цөөн бий. Одоогоор 40-өөд шүүгчийг нарийн мэргэшүүлж сургах шаардлагатай байгаа. Гэр бүл, хүүхдийн хэргийг шийдэхэд нарийн мэргэшил, сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй. Иймээс хянан шийдэх явцыг хэрхэн авч явах зэрэгт сургана гэсэн үг.

      -Гэрлэж буй мөн цуцлуулж буй гэр бүлийн тоо ойролцоо статистик харагддаг. Гэр бүл, хүүхдийн шүүхтэй болсноор эвлэрүүлэн зуучлах гэх мэт аль болох салгахгүй байх эерэг хандлага өөрчлөлт гарч ирэх боломжтой юу?

     Гэр бүл, хүүхдийн шүүх зөвхөн шүүхэд ирсэн маргаан, хэрэг зөрчлийг шийднэ. Шууд утгаар гэр бүл салахаас хамгаалж тогтвортой байхад нөлөөлөхгүй ч хэрэг хянан шийдэх явцад мэргэжлийн оролцогч, өмгөөлөгч, сэтгэл зүйч, хүүхдийн эрхийг хамгаалагчид оролцсоноор шүүхээс гарах шийдвэрээр дамжуулан, гэр бүлийн тогтвортой байдал, хүүхдийн эрхийн хамгаалалт сайжрах баталгаа болж чадна. Энэ бол шүүхийн эрх зүйн хамгаалалт мөн юм.