Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 12-13, 2024 оны 12 дугаар 19-ны өдрүүдэд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  

     Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.4 дэх хэсэгт зааснаар нэр бүхий шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцээд Авлигатай тэмцэх газарт хандан шалгуулахаар, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар өөрчлөн зохион байгуулагдсан шүүхийн шүүгчийг шилжүүлэн томилуулах саналд тухайн шүүхийн шүүгчээс ирүүлсэн зөвшөөрлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн нийт 247 шүүгчийг шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тус тус шийдвэрлэв.

     Хэргийн оролцогч шүүх хуралдааны танхимд өмгөөлөгчтэйгөө хамт сууж хууль зүйн туслалцаа авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 100 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн байрны нийтлэг шаардлага”-ыг стандарт болгож шинэчлэн боловсруулсан төслийг хэлэлцэж, Улсын ерөнхий прокурор, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооноос санал авах нь зүйтэй гэж гэж үзлээ.

     Энэхүү стандартын төсөл нь хэргийн оролцогч, шүүхээр үйлчлүүлж байгаа этгээдийн эрх,  аюулгүй байдлыг хангасан, шүүн таслах ажлын төрөл, онцлогт тохирсон шүүхийн байрны стандарт шаардлагыг тогтоож байгаагаар иргэд шүүхээр тав тухтай орчинд үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

     БНТУ, БНХАУ-ын шүүхийн үйл ажиллагаатай танилцсан туршлага, интернэт орчинд нээлттэй байршуулсан гадаад орнуудын судалгааны материал, өөрийн орны төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын үйлчилгээний стандартуудыг тус тус судалж, Монгол Улсын шүүхийн байрны өнөөгийн нөхцөл байдлын талаар хийсэн судлаачийн дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан боловсруулсан “Шүүхийн үйлчилгээний стандарт”-ын төслийг хэлэлцэн дэмжиж, анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газраас санал авахаар тогтов. Уг төсөл нь шүүхийн үйлчилгээний соёлыг шинэ шатанд гаргах, техник технологийн дэд бүтэц, үйлчилгээний орчин нөхцөлийг иж бүрнээр нь шийдвэрлэхтэй холбоотой шаардлагуудыг цогц байдлаар тусгаснаараа онцлог болсон.

     Шүүх байгуулах тухай хуулиар өөрчлөн зохион байгуулсан шүүхийн Тамгын газарт хэргийн хөдөлгөөний удирдлагын нэгдсэн системийн ажиллагаа болон Мэдээллийн технологийн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангаж ажиллах талаар хэлэлцэв.

       Мөн шүүхэд иргэдийн төлөөлөгчийг зайнаас буюу цахимаар оролцох нөхцөлийн болон санал дүгнэлтийн чанарын ахицын талаарх судалгааны танилцуулгыг сонсож, судалгааны дүгнэлттэй уялдуулан гаргасан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг хэлэлцэн, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган ажиллахыг чиглэл болгов.

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 78 дугаар тогтоолоор баталсан “Зарим шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд биечлэн хийх аудитын төлөвлөгөө”-ний хүрээнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Багахангай Налайх дүүргийн шүүхийн Тамгын газарт биечлэн хийсэн аудитын дүнг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зөвлөлийн хуралдаанд танилцуулж, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг Зөвлөлийн даргаар албажуулан холбогдох газруудад хүргүүлэх, үр дүнг тооцохоор шийдвэрлэлээ. Шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан тайланг 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэн Ажлын албанд холбогдох чиглэл өгөв.

     Анхан болон давж заалдах шатны шүүхийн 41 Тамгын газрын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний үр дүнг Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор батлагдсан журмын дагуу ажлын хэсэг үнэлсэн бөгөөд үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтээр Х.Дорждэрэм даргатай Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар 94.26 оноогоор тэргүүлж, шүүхийн Тамгын газруудыг ажил үйлсээрээ хошуучиллаа.

     “Шилдэг инновац” нэвтрүүлсэн шүүхийн Тамгын газраар О.Солонго даргатай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар шалгарлаа. Шинээр санаачлан нэвтрүүлсэн “www.e-uulzalt.mn” сайтаар ялагдагч, шүүгдэгчтэй уулзах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэдэг болсноор иргэд шүүхэд биечлэн ирэх зардал, цаг хугацааг хэмнэж, шуурхай үйлчлэх нөхцөлийг бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой. Уг платформыг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс нэвтрүүлсэн бөгөөд энэ хугацаанд 1890 иргэн үйлчилгээ авсан байна.

     Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай холбогдуулж, Шүүгчийг сэлгэн ажиллуулах журмын 6.5-д заасны дагуу өөр шүүхэд сэлгэн ажиллаж байгаа шүүгчдийн хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт заасны дагуу өмнө нь ажиллаж байсан шүүхдээ ажиллах юм.

Мэдээллийн төв