Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийн саналыг авах зорилгоор 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.
      Өдөрлөгт ШУТИС-ын Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутнууд оролцож шүүхийн үйл ажиллагааны онцлог болоод шүүхийн орчин нөхцөлтэй танилцсан юм.

 

     

     Цаашдаа шүүхийн цахимжилтын ажлыг тогтвортой, тасралтгүй, найдвартай хангаж ажиллахад мэдээлэл технологийн мэргэжилтэн, IT инженерүүдийн үүрэг оролцоо ихээхэн чухал. IT инженерийн оролцоогүйгээр шүүхийн цахимжилт урагшлах боломжгүй. Иймд энэ удаагийн өдөрлөгийн оролцогчдоор ШУТИС-ын Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутнуудыг хамруулсан юм.
     “Нээлттэй шүүх” өдөрлөгт хамрагдсан оюутнууд шүүгчийн албан өрөө, шүүх хуралдааны танхим, шүүх хуралдааны явц, шүүхийн системтэй танилцсан бөгөөд Шүүхийн системийн сайжруулалт, Программ хангамжийн талаар тодорхой асуулт асууж, санал хэлэв. 

 



     Түүнчлэн, шүүхээс авч болох үйлчилгээний талаар зохих мэдээлэл авсандаа талархалтай байгаагаа илэрхийлээд зогсохгүй зарим оюутан хуулийн сургуульд суралцаж, ирээдүйд шүүгч болох хүсэлтэй болсноо илэрхийлж байв.

     Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүх илүү нээлттэй, ил тод байхад мэдээллийн технологийн ажилтны хувь нэмэр маш их гэдгийг тэд онцлон тэмдэглээд, ирэх жил дахин “Нээлттэй шүүх” өдөрлөгт хүрэлцэн ирэх, мэдээлллийн технологийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын дунд Шүүхийн систем, Программ хангамжийн сайжруулалт, Шинэ боломжуудыг тодорхойлох зорилгоор “Hachathon” зохион байгуулахаар ярилцлаа.    

 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ