Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 28-29, 12 дугаар сарын 05-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
“Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах журам-ыг баталж, эцэслэн шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах, шаардлага, хугацааг тодорхойлох, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахаар болов.
Ингэснээр иргэдийн мэдээлэл авах эрх хангагдана мөн хэргийн оролцогчид шүүх хуралдааны бичлэгээ нээлттэй үзэх, татаж авах боломж бүрдэнэ.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд цахимаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний 2024 оны 3 дугаар улирлын тайлантай танилцлаа.
Анхан болон давж заалдах шатны 41 шүүхийн Тамгын газрын хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд цахимаар хяналт-шинжилгээ хийхэд алдаа зөрчлийн тоо өмнөх улиралтай харьцуулахад 59.8 хувиар буурсан бөгөөд Тамгын газруудаас хамгийн өндөр үнэлгээг Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар авсан.
Цахим хяналт шалгалтын үнэлгээ буурсан нь Шүүхийн Тамгын газрууд сар бүр дотооддоо хяналт, шалгалт хийснээр алдаа, зөрчлийн тоо буурч, цаашид дахин алдаа, зөрчил гарахгүй байх нөхцөл бүрдэж байна.
Шүүхийн статистикийн мэдээлэл, тайлан гаргах журам болон Монгол Улсын эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн статистик мэдээний маягтыг тус тус хэлэлцэн Үндэсний статистикийн хороонд хүргүүлж зөвшөөрөл авахаар, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт зааснаар шүүгчээс ирүүлсэн гомдол мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.4 дэх хэсэгт зааснаар шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг тус тус хэлэлцээд, холбогдох байгууллагад хандан шалгуулахаар болов.
Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журмын 9.2 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч Э.Болорцэцэгийн гаргасан хүсэлтийн дагуу Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг, мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу өөрчлөн зохион байгуулагдсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэн томилуулах зөвшөөрөл ирүүлсэн 31 шүүгчийг тус шүүхэд шилжүүлэн томилуулах саналыг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу өөрчлөн зохион байгуулагдсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэн томилуулах зөвшөөрөл ирүүлсэн 31 шүүгчийг тус шүүхэд шилжүүлэн томилуулах саналыг тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх байгуулах тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн хэрэгжилтийг хангах зааварчилгаа, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийх ажлын төлөвлөгөөг Ерөнхий зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолоор баталсан бөгөөд 14 багц асуудлаар 88 ажил хийхээр тусгагдсан.
Тус төлөвлөгөөний биелэлтийн явц байдлыг Ерөнхий зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, зарим асуудлын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэл өглөө.
Мөн Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар өөрчлөн зохион байгуулагдсан анхан шатны бусад шүүхийн шүүгчээс шилжүүлэн томилуулах санал хүлээн авахаар шийдвэрлэлээ.
Шүүхийн захиргааны ажилтны албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох журмын төсөл болон Шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах хөтөлбөрийн төслүүдийг тус тус хэлэлцэн, хойшлуулж шийдвэрлэв.
Мэдээллийн төв