Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан мэргэшүүлэх сургалт өнөөдөр (2024.11.14) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Сургалтад нийт шүүхийн Тамгын газрын 50 гаруй мэдээллийн технологийн мэргэжилтэн хамрагдаж байна.

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.Мөнхбат сургалтыг нээж, суралцагчдад амжилт хүслээ. Сургалтаар Шүүхийн цахим шийдлийн энтерпрайз архитектурын дэд бүтцийн “Цахим шүүх 2.0” систем болон мэдээллийн аюулгүй байдал, өгөгдлийн шинжилгээ, AI систем, хиймэл оюун ухааны тухай танилцуулах бөгөөд сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

 

 

       Тус сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн газрын Дата анализ хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхбаяр “Шүүхийн мэдээллийн технологийн хөгжил, цаашдын зорилт”, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр “Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь мэдээллийн систем, түүний тухай ойлголт, “Софтвер Консалтинг Сервис” ХХК-ийн захирал Ю.Буд “Өгөгдлийн шинжилгээ”, “Ай Си Ти групп” ХК-ийн Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Н.Энхтуяа “Мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо” сэдвээр хичээл заана.

       Мөн “Чимэгэ системс” ХХК-ийн захирал С.Бадрал “АI, хиймэл оюун ухааны хөгжлийн өнөөгийн төлөв”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн газрын Программ хангамж хариуцсан референт М.Зоригтзаяа “Active Directory – Серверийн тохиргоог хийх, компьютер хэрэглэгчдийг албан ёсны үйлдлийн систем, оффисын программын лицензийг тохируулах” сэдвээр хичээл заах юм.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс