Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын ЭСЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооноос хэрэгжүүлдэг Фулбрайтын мэргэжилтэн хөтөлбөр 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 10-р сарын 10-ны хооронд Шүүхийн ерөнхий зөвлөлд хэрэгжиж, хөтөлбөрийн мэргэжилтнээр ажилласан АНУ-ын Нью-Йорк мужийн Албанийн хуулийн сургуулийн профессор Эдвард Барбиери тайлангаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын албаны даргад танилцууллаа.
Хөтөлбөрийн хугацаанд мэргэжилтэн Барбиери шүүхийн цахимжуулалтын багт АНУ-ын шүүхийн цахимжуулалтын туршлагаас хуваалцаж, Нью Йорк мужийн Хялбар ажиллагааны шүүхийн үйл ажиллагаа, процесс, шүүхийн инновацид тулгардаг саад бэрхшээл, шүүхийн бие даасан байдал, иргэний хэргийн нарийн процессуудын талаар танилцуулга, мэдээлэл хийж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албатай хамтран ажиллалаа.
Мөн тэрээр Монголд ажиллах хугацаандаа Улсын дээд шүүх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Шихихутаг хуулийн сургуулийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг Фулбрайтын мэргэжилтэн, АНУ-ын Нью-Йорк мужийн Албанийн хуулийн сургуулийн профессор Эдвард Барбиерид энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд АНУ шүүхийн цахимжуулалтыг нэвтрүүлэхдээ хэргийн оролцогчид буюу шүүхээр үйлчлүүлж буй иргэний эрх зөрчигдөхөөс сэргийлэх үүднээс юун дээр анхаарч ажилласан талаарх туршлагаас хуваалцаж, үр дүнтэй хамтран ажилласанд талархал илэрхийлэв.
Хэвлэл мэдээллийн хэлтэс