Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2024.09.05) болж, “Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аргачлал”-д өөрчлөлт орууллаа.

            Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 198 дугаар тогтоолоор “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбогдуулан “Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аргачлал”-д өөрчлөлт орууллаа.

             Журмын өөрчлөлтөөр хяналтын шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тавих болзол, шаардлагыг хангасан бол нэр дэвшигч аль нэг танхимд биш Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх, мөн хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалт өгөх эрх зүйн чиглэлийг өргөдөлд тусгах болсонтой холбогдуулан нэр дэвшигчийн өргөдлийн маягтад өөрчлөлт орууллаа. Тус тогтоолыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Журамд өөрчлөлт оруулах тухай” 198 дугаар тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

              Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй танилцлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 34, 120, 183 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 7, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2, нийт 9 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. Эдгээр сонгон шалгаруулалтыг зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар батлахыг дэмжив.

          Нэр бүхий шүүгчээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэж, гомдолд дурдсан шүүхийн захиргааны удирдах албан тушаалтанд холбогдох асуудлыг Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээ зөрчсөн эсэхийг шалгуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн дэд хороонд шилжүүлэхээр шийдвэрлэв.

           Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд цахимаар хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээтэй танилцаж, дээрх шүүхүүдийн Ерөнхий шүүгч болон Тамгын газрын дарга нарт тайланг танилцуулж, зөвлөмж хүргүүлэхээр боллоо.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс