Шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад шүүгч Батдоржийн Нармандахыг Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг өнөөдөр /2024.08.16/ хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.
Б.Нармандах нь 1993-2014 онд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шүүгч, 2014-2017 онд Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, 2017-оноос Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2021 онд гавьяаныхаа амралтад гарсан бөгөөд шүүхэд нийт 28 жил ажилласан.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.Мөнхбат, Шүүхийн ахмадуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од, Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Болор, Багахангай, Налайх дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Б.Мөнхбат болон шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид оролцлоо.
Хэвлэл мэдээллийн хэлтэс