Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2024.07.25) болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

       Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасны дагуу үүссэн сул орон тоонд нөөцийн оноотой нэр дэвшигчдийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

 

       Анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 5 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа. Нэр дэвшигчийн өргөдлийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 09.00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд бүртгэх юм.

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Зарим шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах тухай” 34 дүгээр тогтоол, 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Зарим шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах тухай” 120 дугаар тогтоолын “2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09.00 цагаас 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл” гэснийг “2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 09.00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл” гэж тус тус өөрчиллөө.

       Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасны дагуу Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж нэр дэвшигчийн өргөдлийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 09.00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд бүртгэнэ.

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах тухай” 147 дугаар тогтоолын “Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын” гэснийг “Монгол Улсын дээд шүүхийн” гэж, “2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09.00 цагаас 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл” гэснийг “2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 09.00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл” гэж тус тус өөрчилж, бүртгэлийн хугацааг хойшлууллаа.

       Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, тогтоолын төслийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулан нийтэд мэдээлж санал авахаар болов.

 

       Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн анхан шатны шүүхийн нэг шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар “Шүүхийн захиргааны байгууллагын 2024-2027 оны стратеги төлөвлөгөө”-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 чиг үүргийн хүрээнд стратегийн 8 зорилт, 96 үйл ажиллагааг тусган баталлаа. Энэхүү стратеги төлөвлөгөө нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-д болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 332 дугаар тогтоолоор баталсан “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-д туссан зорилт, үйл ажиллагааг нэгдмэл байдлаар, харилцан уялдаатай, цогцоор нь хэрэгжүүлэх төлөвлөлт, хяналтын хэрэгсэл болох юм.

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс