Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон Улсын Манлайллын албаны гүйцэтгэх захирал хатагтай Жэйн Саргус, Конгрессын Олон Улсын манлайллын албаны дэд захирал Маура Шелден нарыг өнөөдөр /2024.07.03/ хүлээн авч уулзав.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Р.Онончимэг, Гадаад харилцаа, мэдээлэл хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн мэргэжилтэн М.Номинцэцэг, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Цэрэндагва нар оролцлоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон Улсын манлайллын төвийн Эрх-зүйт ёс хөтөлбөр 2013 оноос хэрэгжсэн нь манай шүүгч, ажилтнууд АНУ-ын шүүхийн болон тухайн орны соёлд суралцах, олон улстай харилцаа холбоо тогтоох гүүр нь болж өгсөн. Мөн шүүгч, ажилтануудын алсын харааг тэлж, мэргэжлийн чадавхыг дээшлүүлэн, ажлын байранд өсөн дэвших зорилгод бүрэн нийцдэг тухай онцлов.
Тэрээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 70 гаруй шүүгч, захиргааны албан хаагчдыг уг хөтөлбөрт хамруулсан явдалд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэе гээд цаашид хамтын ажиллагааныхаа хүрээнд АНУ-ын шүүхийн нээлттэй, шударга байдал, бие даасан хараат бус байдалтай танилцах, туршлага судлах Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын тоог нэмэгдүүлж, Монгол Улсын шүүхийн салбарын хөгжил, шинэтгэлд бодит дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна гэв.
Хатагтай Жэйн Саргус энэхүү хөтөлбөр дэлхийн олон улсад хэрэгждэг ч Монгол Улсад хамгийн сайн хэрэгжсэн бөгөөд бусад орнуудад жишиг болж байгаа, Монгол Улсын шүүгч, ажилтнууд АНУ-ын шүүхээс суралцахаас гадна Америк шүүгч, ажилтнууд ч Монголын Улсын шүүгч, ажилтнуудаас суралцаж, харилцан туршлага солилцдог тухай онцлон дурдлаа.
Мөн ирэх онд АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон Улсын манлайллын төвийн Эрх-зүйт ёс хөтөлбөрт хамрагдсан шүүгч, ажилтнуудын оролцоотой Олон Улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн тухай Хатагтай Жэйн Саргус танилцуулахад Шүүхийн ерөнхий зөвлөл бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв.
Хэвлэл мэдээллийн хэлтэс