Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяагаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2024.07.02/ Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд ажиллаж, гавьяаны амралтаа авч буй Тамгын газрын дарга Л.Ганбаатарт хүндэтгэл үзүүллээ.
Тэрээр 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Баянхонгор аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлснээс хойш шүүхэд 17 жил, төрд 42 жил тасралтгүй ажилласан бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргаар 2015 оноос хойш ажиллажээ. Түүнийг ажиллаж байх хугацаанд тус шүүх нь 2018 онд нийт шүүхийн Тамгын газруудаас ажлын үр дүнгээр 3 дугаар байр, 2020 онд тэргүүн байр эзэлсэн амжилт үзүүлсэн юм. Л.Ганбаатар нь 2016 онд Алтан гадас одон, 2020 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байжээ.
Л.Ганбаатар нь гавьяаныхаа амралтыг авч байгаа тул төрийн албанаас чөлөөлж, түүний оронд тус шүүхийн шүүгчийн туслах Э.Нарантуяаг Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, ажлыг нь хүлээлцүүлэв.
Энэхүү хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Г.Батбаяр, Замын-Үүд сум дахь ШШГХ-н дарга Г.Наранбаяр, Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга дэд хурандаа Ж.Төмөрбат нар оролцлоо.
Хэвлэл мэдээллийн хэлтэс