Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны нэгжийн удирдлагууд, шүүхүүдийн Тамгын газрын дарга албан хаагчдын төлөөллийн бүрэлдэхүүний хамрагдаж буй “Шүүх болон дагнасан шүүхүүдийн удирдлага зохион байгуулалт” Олон Улсын сургалт 3 дахь өдрөө БНТУ-ын Анкара хотод танхимын хичээлээр үргэлжилж байна. Танхимын сургалтын нээлтэд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга үг хэлэв. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, БНТУ-ын Хууль зүйн академийн хамтын ажиллагааны хүрээнд богино хугацаанд харилцан айлчлалууд хийгдэж, туршлага солилцох уулзалт, сургалтыг энэ удаад Анкара хотод явуулж буй нь ихээхэн ач холбогдолтой. Сургалтад хамрагдаж буй албан хаагчдыг зөвхөн захиргааны албан хаагчдаас бүрдүүлж, Нийслэл, 21 аймгаас бүсчилж, мэргэжил тус бүрийн төлөөллийг багтаасан. Шүүхийн захиргааны албан хаагчдын мэргэшил, ур чадварыг нэмэгдүүлснээр шүүн таслах үйл ажиллагааны  тасралтгүй байдлыг хангахад тодорхой хэмжээгээр дэмжлэг болох нь зайлшгүй гэв. Хамтын ажиллагааныхаа хүрээнд тус улстай болон бусад улс орнуудтай энэчлэн урт богино хугацааны сургалтуудыг явуулж, захиргааны албан хаагчдаа чадавхжуулах тал дээр анхаарч ажиллана гэв. 

 

         

            Танхимын сургалтын нээлтийн ёслолд Монгол Улсаас Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр БНТУ-ын Шүүхийн академийн урилгаар оролцов. Бүгд Найрамдах Турк Улсын шүүхийн академийн ерөнхийлөгч ноён Мухиттин Өздэмир сургалтыг нээж үг хэллээ.

     Тэрээр; “Монгол, Турк улсууд эцэг, өвгөдийн үеэс гайхамшигт ах дүүсийн түүхтэй. Орчин цагт эдийн засаг, соёл боловсрол, хууль, шүүхийн гээд олон талт хамтын ажиллагаатай байна. Зөвхөн манай Шүүхийн академитай сүүлийн 2 жилд 3 дахь удаагийн сургалт зохион байгуулж, УДШ-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан зэргээс харж болно. 2004 оноос Турк Улсын шүүхийн салбарт шүүгч сонгон шалгаруулахдаа реформын шинжтэй шинэчлэлтүүд хийгдэж байна. UYAT цахим систем нэвтрүүлсэн нь Европын холбооны улсуудад төдийгүй Ази номхон далайн бүс нутагт жишиг болж байгаа. Шүүхийн захиргааны удирдлага, төрөлжсөн шүүх, цахимжилтаас суралцах зүйл их. Монгол Улсын хувьд шүүх байгууллагууддаа цахимжилтын бодлого нэвтрүүлж буй үедээ захиргааны албан хаагчдаа энэ сургалтад хамруулж буй нь нэн чухал. Төр улсын үндэс бол шударга ёс юм. Шударга ёс бол эд баялагийн үндэс. Шударга ёс хэр тогтоно тэр хэмжээгээр тухайн орон хөгжиж, эдийн засаг нь хүчирхэгжинэ гэж манай хуульчид тодорхойлсон байдаг. Иймд та бүхэн өөрийн оронд шударга ёсыг бэхжүүлэхэд энэ сургалтаар олж авсан мэдлэг, мэдээлэл бага ч атугай хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гээд сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

 

 

               Монгол Улсаас Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр БНТУ-ын Шүүх, прокурорын зөвлөл, Шүүхийн академи, Хууль зүйн академид талархал илэрхийлээд, “Монгол Туркийн дипломат харилцаа тогтоосны 55 жил энэ онд тохиож байна. Мөн яг энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол, Туркийн парламентын зөвлөлдөх 9 дүгээр уулзалт болж байгаа. Манай 2 орны ах дүүгийн харилцаа, хамтын ажиллагаа бүх талаар өргөжин тэлж байна. Харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд олон үр дүнтэй ажил хийгдэж байгаагийн нэг нь шүүх, хууль зүйн салбарын цуврал сургалт. Мөн харилцан айлчлалууд, айлчлалын мөрөөр хийгдэж буй ажлуудыг нэрлэж болно. Тухайлбал БНТУ-ын ерөнхийлөгч Монгол Улсад айлчлахдаа хоёр орны эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилт тодорхойлсон. Биелэлээ олж 2023 онд манай 2 орны худалдааны эргэлт 100 сая долларт хүрч хоёр дахин нэмэгдсэн. Үүний нэгэн адилаар шүүхүүдийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, зорьж буй үр дүндээ хүрнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна” гэв. Мөн шүүхийн захиргааны албан хаагчдад амжилт хүслээ.

 

 

          Өнөөдрийн сургалтаар БНТУ-ын Шүүхийн академийн үйл ажиллагааны талаар Туркийн шалгагч шүүгч Өздэн Дүлгэр, 

 

 

           Турк Улсын шүүхийн тогтолцоо түүний онцлогийн талаар шалгагч шүүгч, хууль зүйн доктор Бану Фатма Гүнарслан, 

 

 

                Хэрэглэгчийн шүүх ба шүүн таслах ажиллагаа сэдвээр Анкара хотын бүсийн шүүхийн Иргэний хэргийн 21 дүгээр танхимын гишүүн Арзу Йыгытсой,

 

 

          Гэр бүлийн шүүх ба шүүн таслах ажиллагаа сэдвээр Гэр бүлийн шүүхийн шүүгч асан Невин Биринжи,

 

 

           Арилжааны хэргийн анхан шатны шүүх ба шүүн таслах үйл ажиллагааны талаар Анкара хотын Арилжааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн тэргүүн Шахин Чифтчи, Хөдөлмөрийн шүүх ба шүүн таслах үйл ажиллагааны тухай Эрүү, иргэний хэргийн Дээд шүүхийн Иргэний хэргийн 9 дүгээр танхимын тэргүүн Серажеддин Гөкташ нар тус тус танилцуулга илтгэл тавьж, сургалт үргэлжилнэ.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс