ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН ТУСЛАХУУДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ
Ерөнхий мэдээлэл:
Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс Эвлэрүүлэн зуучлагчийн туслахуудыг мэргэшүүлэх сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот сургалтын танхимд зохион байгууллаа.
Сургалтад Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 13, орон нутгийн шүүхийн Тамгын газраас 29 нийт 42 эвлэрүүлэн зуучлагчийн туслах оролцсон.
Сургалтын зорилго:
- Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт ажиллаж байгаа эвлэрүүлэн зуучлагчийн туслахуудыг мэргэшүүлэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт, зохицуулах зүйл, арга, төрөл, хэлбэр, тэдгээрийн онцлог, давуу болон сул талын талаар мэдлэг олгох;
- Эвлэрүүлэн зуучлагчийн эрх, үүрэг, ёс зүй, үйл ажиллагааны ур чадвар, харилцааны суурь чадвар, сэтгэл судлалын талаар онолын мэдлэг эзэмшүүлэхэд чиглэсэн.
Сургалтын агуулга:
Сургалтын эхний өдөр
- Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, дэд профессор Ц.Алтанцэцэг “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт, зорилт, ач холбогдол”,
- Хуульч, судлаач багш Э.Ариунаа “Эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүй, Хөдөлмөрийн эрхийн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь”,
- Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал, Доктор (Ph.D), дэд профессор Б.Энхбаяр “Үр дүнтэй харилцах арга барил”.
Сургалтын хоёр дахь өдөр
- Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан “Эвлэрлийн гэрээ боловсруулах онол, арга зүй”,
- Өмгөөлөгч, хууль зүйн ухааны магистр М.Алтан-Өлзий “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, тавигдах шаардлага”,
- Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд “Эвлэрүүлэн зуучлалын оролцогч талууд, эрх зүйн байдал”,
- Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Л.Галбаатар “Эвлэрүүлэн зуучлал ба хүний эрх”.
Сургалтын гурав дахь өдөр
- Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Б.Энх-Эрдэнэ “Гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь”,
- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа “Шүүхэд иргэний хэрэг үүсгэхээс өмнөх болон дараах эвлэрүүлэх ажиллагаа болон Иргэний эрх зүйн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь”,
- Программ хангамж хариуцсан референт М.Зоригтзаяа “Шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны систем болон цахимжуулалтын талаар”
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрах “Эвлэрлийн гэрээ байгуулахад анхаарах зарим асуудал” сэдвээр сургалтыг тус тус удирдан явуулсан.
Сургалтын арга зүй:
Эвлэрүүлэн зуучлагчийн туслахуудыг мэргэшүүлэх энэхүү сургалт нь анх удаагаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Тус сургалтаар туршлагатай хуульч, судлаач, өмгөөлөгч, Ерөнхий шүүгч, шүүгч, Доктор (Ph.D), дэд профессорууд хичээл заасан бөгөөд сургалтыг лекц, хэлэлцүүлэг өрнүүлэх, суралцагчдын идэвх оролцоо, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сургалтын дундуур багийн дадлага ажил, тохиолдол /кейс/ шийдвэрлэх зэрэг оролцоонд тулгуурласан аргаар зохион байгууллаа.
Сургалтын ирц:
Сургалтын эхний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 13, орон нутгийн шүүхийн Тамгын газраас 29 нийт 42 эвлэрүүлэн зуучлагчийн туслах оролцож, ирц 100 хувьтай байсан бол сургалтын 2, 3 дахь өдөр эвлэрүүлэн зуучлагчийн 2 туслах хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцож амжаагүй бөгөөд сургалтын ирц 95 хувьтай байсан.
Дүн шинжилгээ
Сургалтын дараах оролцогчдын өгсөн үнэлгээнээс харахад сургалтын агуулга, сэдэв сонголт оновчтой байсан гэж үзэж “сайн”, “маш сайн” үнэлгээг өгчээ.
Мөн сургалтаас хүлээсэн үр дүн, багшийн заах арга барил болон сургалтад оролцсоноор мэдлэг, ур чадвар нь хангалттай дээшилсэн гэж үнэлжээ.
Сургалтад оролцогчдын саналаас харахад энэхүү сургалтыг анх удаагаа зохион байгуулж байгаад талархан хүлээн авч байгаа бөгөөд цаашид жил бүр зохион байгуулж өгөхийг хүссэн байна.
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ