Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” 11 дэх удаагийн сургалт өнөөдөр /2024.06.11/  Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Энэ удаагийн сургалтад өдөр тутмын сонин, мэдээллийн портал сайт болон телевизийн сэтгүүлчид хамрагдлаа.

 

 


           Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн доктор профессор Д.Зүмбэрэллхам сургалтыг нээж хэлсэн үгэндээ;

 

 

          “Монгол Улсад шүүхийн сэтгүүл зүй гэдэг төрлийг хөгжүүлэхийн төлөө сэтгүүлчид болон шүүхийн захиргааны байгууллагаас хамтын хүчин чармайлт гаргаж байгаагийн нэг хэлбэр нь энэ сургалт юм. Шүүх болон сэтгүүл зүйн салбар хоёулаа сүүлийн 30 хэдэн жил байр сууриа олох гэж өөрийнхөө хараат бус байдал дээр зогсох гэж зовлон жаргалыг туулан хүрэх газар луугаа зорин явна. Шүүх болон сэтгүүл зүй аль аль нь хараат бус байх ёстой” гээд тус сургалтын цар хүрээ, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж,  сургалтад оролцогчдод амжилт хүслээ. 
            Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч сургалтад өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 400 гаруй сэтгүүлч хамрагдаад байна. 
              Жил бүрийн сургалтын сэдэв, агуулга өөр байдаг. Энэ жилийн хувьд Канад Улсын шүүхийг сурвалжлах туршлага ба Монгол Улсад нутагшуулах нь сэдвээр Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн дарга Олег Шаков зүүмээр, Шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах хөгжлийн бодлого ба Канадын туршлага сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг нар танилцуулга мэдээлэл өглөө. Мэргэшсэн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнуудын санал асуулгад үндэслэн Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, Судалгааны хүрээлэнгийн Сургалтын албаны дарга, ахлах прокурор О.Алтангэрэл “Таслан сэргийлэх арга хэмжээ гэж юу вэ, хэрхэн хэрэгжүүлдэг вэ?” сэдвээр тайлбар мэдээлэл хийлээ. 

 

   

 
      “Шүүхийн сэтгүүл зүйн хөтөч” гарын авлагын тухай Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Ц.Оюунтунгалаг, “Шүүхийн бие даасан, хараат бус байдал” улс төрчид зориулсан хөтчийн талаар “Оюуны инноваци” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Баттулга нар тус тус дэлгэрэнгүй танилцуулсан.

 

 

Сэтгүүлчид болоод улстөрчдөд зориулсан тус 2 гарын авлагыг ШЕЗ-өөс санаачлан захиалж, мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр гаргасан юм. Сургалтын төгсгөлд сэтгүүлчдэд мэргэшсэн сэтгүүлчийн гэрчилгээ олгож, дурсгалын зураг авхууллаа.

 

 

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс