“Цахим хэргийг цахимаар хэлэлцэнэ" гэсэн уриатай Бээжингийн интернет шүүхэд өнөөдөр (2024.05.21) Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэгээр ахлуулсан Монголын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын төлөөлөл очиж туршлага судаллаа. Тус шүүхийг 2018 оны 09 дүгээр сарын 09-нд байгуулжээ. Зөвхөн цахим орчинд үйлдэгдсэн хэргийг цахимаар шийдвэрлэдгээрээ онцлогтой.

Шүүхийн байрны үүдээр ормогц хоёр том шилэн танхим байх бөгөөд нэгэнд нь иргэд биечлэн очиж, гомдол нэхэмжлэлээ гаргах боломжтой. Сагсан бөмбөгийн талбайгаас ч цэлгэр саруулхан хэр нь энд үйлчлүүлж буй нэг ч хүн харагдсангүй. Цахим шүүхэд биечлэн ирж шүүхийн үйлчилгээг авдаг хүмүүсийн тоо маш цөөхөн. Өдөрт 10 орчим хүн л үйлчлүүлдэг байна.

 

 

          Харин нөгөө хэсэгт шилэн хорго бүхий өрөөнүүдийг ухаалаг, тоног төхөөрөмжөөр битүү тоноглосон байх аж. Энэ бол интернет шүүхтэй танилцахаар ирсэн зочдод шүүхийн үйлчилгээг бодитоор харуулах буюу үзүүлэнгийн зорилгоор тохижуулсан хэсэг. 

Цахим шүүхийн бүхий л зүйл шинэлэг бөгөөд содон. Шүүхээр үйлчлүүлэх гээд шүүхийн байранд очих шаардлагагүй. Гар утас, компьютер тэгээд интернетийн сүлжээтэй байхад л шүүхэд гомдол нэхэмжлэл гаргаад шүүх хуралдаандаа цахимаар оролцоод хэргээ шийдвэрлүүлчих боломжтой. Шүүхийн процессыг маш тодорхой харуулсан байх бөгөөд гомдол, нэхэмжлэл ямар шатанд яваа, шүүх хуралдаан хэзээ товлогдсон зэргийг цахимаар шалгах боломжтой. Тэр ч бүү хэл, хэрэг маргаан аль талд шийдвэрлэгдэх магадлалтайг AI буюу хиймэл оюун ухаанаар урьдчилан тооцуулж мэдэх боломжтой аж.

 

 

           Өдөр, шөнийн аль ч үед шүүхэд хандах нээлттэй. Цахим, гомдол нэхэмжлэлийг 24 цагийн турш хүлээн авна. Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн AI ажилтан 24 цагийн аль ч үед иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, мэдээлэл лавлагааны ажилтны үүрэг гүйцэтгэнэ. Хиймэл оюун ухаан хариулж чадаагүй асуулт тусгай цэсэнд хадгалагдах бөгөөд шүүгч, шүүхийн ажилтнууд ажлын цагаар буюу өглөө 08.00-17.00 цагийн хооронд хиймэл оюун ухааны хариулж чадаагүй асуултад хариулдаг байна. Гомдол, нэхэмжлэлийг 24 цагийн турш хүлээж авах ч тус шүүхийн шүүгч, ажилтнууд ажлын 8 цагтай. Тэд цахим хавтаст хэрэгтэй цахимаар танилцаж, шүүх хуралдаанд өөрийн өрөөнөөсөө цахимаар оролцож, шийдвэрээ гаргана.

        Бээжингийн интернет шүүхэд 39 шүүгч, мэдээлэл, технологийн ажилтан 30, шүүхийн захиргааны 100 орчим, гэрээтээр 100 орчим гээд нийт 300 орчим хүн ажилладаг байна. Тус шүүх жилд цахим орчинд үйлдэгдсэн 40-50 мянган хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэдэг. Нэг шүүгч жилд 900 орчим хэрэг шийдвэрлэдэг байна. Цахимаар нэг хэргийг шийдвэрлэхэд 800 орчим юань буюу 400 мянган орчим төгрөгийг хэмнэдэг аж. Энэ бол зөвхөн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд гаргаж хэмнэсэн зардлын тооцоолол бөгөөд цахим шүүхийн үр дүн, ач холбогдол үүгээр тогтохгүй. Нэг шүүх хуралдаан дунджаар 30 минут орчим үргэлжлэх бөгөөд цахим хэргийг шийдвэрлэсэн дундаж хугацаа 5 хоног. Ухаалаг утас, интернет сүлжээ байхад л ертөнцийн хаанаас ч Бээжингийн цахим шүүхэд хандаж хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой. Нотлох баримтыг цахимаар гаргаж цахимаар шүүх хуралдаанд оролцоод, хэрэг, маргаанаа маш богино хугацаанд хурдан шуурхай шийдвэрлүүлэх боломжтой. Энэ бол цахим шүүхийн бас нэг давуу тал.

 

 

             Цахим шүүхэд шүүн таслах ажиллагаанаас гадна эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ бас бий. Шүүхийн шийдвэрийг цахимаар гардаж аваад, давж заалдах гомдлыг ч мөн цахимаар гаргах боломжтой аж.

Цахим шүүх нээлттэй, ил тод байдлыг ч хангах ач холбогдолтой. Олон нийт нээлттэй шүүх хуралдаанд цахимаар оролцож, шүүхийн шийдвэрийн баримт бичгүүдийг хайж, хэрэг, хууль тогтоомжийг татаж авах боломжтой.

Цахим шүүхийн салшгүй чухал хэсэг бол мэдээж мэдээллийн аюулгүй байдал. Энэ асуудлыг тус шүүх блокчейн технологоор шийдсэн байна. Блокчейн шүүхийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахаас гадна цахим нотлох баримтыг баталгаажуулахад чухал үүрэгтэй.

Бээжингийн интернэт шүүх нь БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны Аюулгүй байдлын төв, Байду, TRUST DO зэрэг блокчейн салбарын тэргүүлэгч байгууллага, компаниудтай хамтран ажилладаг байна.

 

 

          Хятад улсын Ханьжоү, Бээжин, Гуанжоу 3 хотод цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийг төвлөрүүлэн харъяалах анхан шатны цахим шүүхүүд ажилладаг.

 

 

             Шүүхийн ерөнхий зөвлөл болон БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежийн хамтарсан сургалтад Монгол Улсаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг, Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг, Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сугиржав, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.Мөнхбат, шүүхийн тамгын газрын дарга нар болон шүүхийн захиргааны ажилтан нийт 25 хүн оролцож байгаа юм. Сургалт Бээжин дэх Оюуны өмчийн шүүх дээр очиж туршлага судалснаар үргэлжилж байна.

 

 

                                                                                                                                 Г.БУЯНХИШИГ