Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх нь 2024 оны 05 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Баянмөнх сум, Дархан сумдад “Нээлттэй хаалганы өдөрлөг”, Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Гэр бүлийн өдөрлөг”-ийн арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд шүүхийн үйл ажиллагаа болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчлах, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд “Шүүх хуралдаанд оролцох ач холбогдол”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох, тангараг өргөх журам”, “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хууль”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талуудын сэтгэл зүй”, “Гэр бүлийн зөрчлийн шалтгаан нөхцлийг тодруулах нь”, “Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт” сэдвүүдээр сургалт хийж, хөгжөөнт тоглоом тоглуулж нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ.
Мөн өдөрлөгийн үеэр иргэдээс нэхэмжлэл, өргөдөл хүлээн авч, газар дээр нь шүүхийн үйлчилгээг үзүүлэн хэргийн оролцогч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны маргаан шийдвэрлэх зэрэг хуульд заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээс гадна “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”, “Иргэн таны явуулын хөтөч” зэрэг өөрийн шүүхийн хийсэн гарын авлага, номыг тарааж, санал асуулгын хуудас бөглүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийн судалгаа авч, иргэдэд хүрч ажиллалаа.
ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ