Өнөөдөр /2024.04.22/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг АНУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Мэйтью Фэрэнсийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга АНУ-ын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн ажилтан Мюриэл Адамс болон Улс төрийн мэргэжилтэн М.Номинцэцэг нар оролцов.
Талууд уулзалтаар хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцав. АНУ дахь шүүхийн захиргааны Олон улсын холбооноос зохион байгуулдаг томоохон хурал, чуулга уулзалтуудад өөрийн орноос захиргааны байгууллагын албан хаагчдаа тогтмол идэвхтэй хамруулж, оролцоог хангах сонирхлоо Ерөнхий зөвлөлийн дарга уулзалтын эхэнд илэрхийлэв. Цаашид Монгол Улсад бусад улс орнуудын шүүхийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг хамруулсан Олон улсын түвшний бага хурлыг зохион байгуулахад бүх талаар хамтран ажиллах боломжтой талаар ярилцав.
АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон улсын манлайллын төвөөс хэрэгжүүлдэг ”Нээлттэй дэлхий” хөтөлбөрт оролцогчдын тоог нэмэгдүүлэх, АНУ-ын Засгийн газраас санхүүжилттэй бусад солилцооны хөтөлбөрт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Ажлын албаны албан хаагчид, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг тогтмол хамруулахад анхаарахыг хүсэв.
Мөн стандарт, шаардлага хангасан шүүхийн загвар байрыг бий болгох тал дээр хоёр талаас хичээл зүтгэл гарган ажиллах тухай ярилцаж, шаардагдах танилцуулгуудыг холбогдох газарт уламжилж албан бичгээр хариу ирүүлэхээр тохиролцов.
Хэвлэл мэдээллийн хэлтэс