Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Р.Онончимэг, Н.Баасанжав нар Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд, Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа нарын төлөөлөгчдийн хамт Нобелийн шагналт, Нидерландын Хаант Улсын хуульч Т.М.К.Ассер-ын нэрэмжит судалгааны хүрээлэнд 2024 оны 3 дугаар сарын 8-ны өдөр ажиллалаа.

 

 

 

       Төлөөлөгчдийг тус судалгааны хүрээлэнгийн удирдах зөвлөлийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч, сургалтын асуудал хариуцсан захирал Др.Кристоф Паулуссен, Удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал Др.Каспер Вролижк нар хүлээн авч уулзсан.

 

 

      Уулзалтаар хоёр тал олон улсын эрх зүйн салбарт хамтран холбогдох судалгааны ажил гүйцэтгэх, тус хүрээлэнд Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, оюутан сургах, зочин судлаач солилцох зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцэв.

 

 

      Олон улсын нийтийн эрх зүй, олон улсын хувийн эрх зүй, Европын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн олон улсад нэр хүнд бүхий тус хүрээлэн 1965 онд байгуулагдсан. Бодлогын баримжаатай суурь, бие даасан судалгаа хийж, олон улсын болон Европын хууль эрх зүйн хөгжилд шүүмжлэлтэй, бүтээлч байдлаар эрдэм шинжилгээ, хууль эрх зүйн практикыг уялдуулан үйл ажиллагаа, судалгаагаа явуулдаг.

 

Гадаад харилцаа, мэдээлэл хамтын ажиллагааны газар