“Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Эвлэрүүлэн зуучлагчдын чадавхыг бэхжүүлэхэд холбогдох арга хэмжээ, бодлого, төлөвлөлтийг хэлэлцэх уулзалт 2024 оны 02 дугаар сарын 05-нд төсөл хэрэгжүүлэгчийн байранд боллоо.
Уулзалтад Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төслийн зохицуулагч С.Агьзул, төслийн Үндэсний зөвлөх, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа, гишүүн Л.Галбаатар, Ч.Цэнд, Шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Х.Наранчимэг нар оролцов.
Европын cэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны санхүүжилтээр 2023-2025 онд хэрэгжүүлж буй уг төслийн хоёрдугаар бүрэлдэхүүн хэсэг болох "Эвлэрүүлэн зуучлагчдын чадавхыг бэхжүүлэх" үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулах сургалтын талаар ийнхүү санал солилцлоо.
Дээрх төсөл нь Монгол Улс дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчин, институтийн бүтцийг боловсронгуй болгох, практик хэрэглээг сайжруулах, тэр дундаа арилжааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг улсын хэмжээнд сурталчлан таниулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цахимаар явуулах орчныг бүрдүүлэх зорилгоор хэрэгжиж буй юм.
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ