Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд өнөөдөр (2024.02.06) “Хилэнт эх” хэмээх модон луу жилийг угтан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

 

 

        Хүндэтгэлийн уулзалтыг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг ахмадуудад хандан сар шинийн мэнд дэвшүүлж, талархал илэрхийллээ. Тэрээр “Өнгөрөгч 2023 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ой тохиож, ололт амжилтаа бататган, түүхэн цаг хугацаагаа дурсан өнгөрүүлсэн. Энэ бүхий л цаг хугацааны турш оюун санаа, хичээл зүтгэл, хүчин чармайлтаа дайчлан шүүхийн захиргааны байгууллагын түүхийг бүтээлцэж, өнөөгийн хөгжил дэвшилд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Та бүхэнд гүнээ талархъя. Монгол Улсын үндсэн хуулиар баталгаажуулсан засаглалын харилцан тэнцвэртэй байдал, хүний эрх, эрх чөлөөг үнэт зүйл, зарчмаа болгоход амьдралаа зориулсан ахмадууд та бүхэн минь нэн чухал өвийг бидэнд үлдээсэн” гэдгийг цохон тэмдэглэв.

 

 

      Гавьяаны амралтаа авсан ч үргэлж шүүх засаглалын төлөө сэтгэлээ чилээн, өнөөгийн хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ бүрийг чих тавин ажиж байдаг тухайгаа ахмадууд илэрхийлээд, иргэдийн итгэлийг бэхжүүлсэн тогтвортой шүүх засаглалыг бүрдүүлэх их үйлсэд нь амжилт хүсье гэлээ. Түүнчлэн нэгэн үе бие сэтгэлээ дайчлан ажиллаж чөлөө завгүй зүтгэж байсан албаныхаа хүндэтгэлийн ширээнд сууж, үеийн нөхөдтэйгөө хуучнаа дурсах нь нэр төрийн хэрэг байлаа хэмээн уулзалт зохион байгуулсанд талархал илэрхийллээ.

 

 

      Шүүхийн ерөнхий зөвлөл үе үеийн ахмадуудынхаа хөдөлмөрч зан чанар, хийсэн бүтээсэн бүхнээр бахархахын зэрэгцээ бидэнд уламжлуулан өгсөн ажил, албыг нэр төртэй үргэлжлүүлэн амжилт бүтээлийг түүчээлэн илүү ихийг хийж бүтээхийг төлөө зорин ажиллаж байна.

 

 

      XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярын мэнд хүргэж, төрлөөр түвшин амгалан, элгээрээ энх амгалан өргөн дэлгэр сайхан шинэлж, урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг дахин ахмадууддаа өргөн дэвшүүлье.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс