Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны ээлжит долоодугаар хуралдаан өнөөдөр (2024.02.01) болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөл “Аствишн” ХХК-ийн гүйцэтгэсэн “Шүүхийн цахим шийдлийн энтерпрайз архитектурыг гаргах, техник эдийн засгийн үндэслэл"-ийг хүлээн авч, холбогдох ажлуудыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээр болов.
Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 3, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 41, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1, сум дундын шүүхийн шүүгчийн 1, нийт 46 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.
Шат шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэргийн талаар илт худал мэдээлэл түгээн, олон нийтийг төөрөгдүүлж буй этгээд шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан эсэхийг тогтоолгохоор цагдаагийн байгууллагаар шалгуулахаар тогтов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 316 дугаар тогтоолоор эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Б.Бат-Амгаланг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс санал болгосны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар С.Оюунтунгалагийг сонгон бүртгэж шийдвэрлэв. Мөн “Шүүхийн цогцолбор барилга” бариулах ажлын хэсэг байгууллаа.
Хэвлэл мэдээллийн хэлтэс