Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 25-26-ны өдрүүдэд үргэлжилж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

      Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн тайлантай танилцаж, 2024 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталлаа.

       “Шүүхийн цахим шийдлийн энтерпрайз архитектурыг гаргах, техник эдийн засгийн үндэслэл” хүлээж авах ажлын хэсгийн тайлантай танилцаж, гүйцэтгэгч компанид чиглэл өгч, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажлыг хүлээж авахаар болов.

     Нэр дэвшигч Х.Гантулгыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин санал болгохоор шийдвэрлэлээ.

     Харин нэр дэвшигч Т.Дэлгэрсайханыг Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хангахгүй үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин санал болгохоос татгалзаж шийдвэрлэв.

      Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэлгэн ажиллаж байгаа шүүгч Б.Мөнхзаяагаас сэлгэн ажиллуулах хугацааг дуусгавар болгох хүсэлт ирүүлснийг хэлэлцээд дэмжсэнгүй. 

       Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэнгийн бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах тухай зөвшилцөх санал, “Шүүгч, ажилтнуудыг орон сууцжуулах төсөл”-ийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулах, Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээ авах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

                                                                                  

Хэвлэл мэдээллийн хэлтэс