Сэтгүүлч Г.Улсболд

 

       Өнгөрсөн хоёрдугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөл сэтгүүлчдийг урьж Канадын шүүгч нартай уулзуулсан билээ. Тэгэхэд ийм яриа болж өрнөсөн юм.

 

-Монгол сэтгүүлч: Танайх авлига, албан тушаалын хэргийн шүүх хурлаа нээлттэй явуулдаг уу. Манай Монголд “нээлттэй”-д тооцдог боловч шүүгч нар шүүх хурал руу оруулдаггүй юм аа.

-Канад шүүгч: Манайд авлигын хэрэг бараг гардаггүй юм байна.

-Монгол сэтгүүлч: Танайх төрийн нууц, хүүхэд, гэр бүлтэй холбоотойгоос бусад хурлаа нээлттэй хийдэг үү?

-Канад шүүгч: Миний санахын ойрын 20 жил тэдгээрээс бусад шүүх хурлаа хаалттай явуулсныг санахгүй байна. Сэтгүүлч нар шүүхийн аль ч шат, явц дунд орж ирээд тэмдэглэл хөтөлж байдаг.

-Монгол сэтгүүлч: Монгол улстөрчийн холбогдсон хэргийг гадаад улсын шүүхийн сайтаас уншиж, татаж авч болж байна. Манай шүүхэд бол ийм боломж алга аа. Ийм хаалттай байдгаас элдэв хардлага дагуулж эргээд шүүхэд итгэхээ болиод байна.

-Канад шүүгч: Манайх болохоор шүүх хурлын протоколоо өгчихдөг шдээ. Шийдвэр гарсан хойно сэтгүүлчид хүсэлт гаргаад хэргийн материалтай зарим нь танилцана, зарим нь хуулбарлаж авна.

-Монгол сэтгүүлч: Та нарыг Монголд ирэхээр “Нээлттэй шүүх” гэсэн самбар, шүүх хурлын дүрс гардаг дэлгэц үзүүлж байна уу. Нээлтгүй шдээ. Тэр дэлгэцийн дуу сонсогдохгүй, тэр бүр дүрс хуулж авч болдоггүй юм. Shuukh.mn-д шүүхийн шийдвэрээ оруулдаг гэж байна. Тэнд орсон файлд хүн, хуулийн этгээдийн хэн болохыг танигдахааргүйгээр А, Б гэчихсэн байдаг юм аа. ШЕЗ, Дээд шүүхийнхэн журам хийхдээ сэтгүүлчдээс санал аваагүй ээ. Шүүхийн шийдвэрийг нийтэд мэдээлэх журмаа өөрсдөө мэдэж гаргасан. Одоо Шүүх сурвалжлах журмаа шинэчлэхдээ яаж хаалттай болгохыг мэдэхгүй байна.

-Канад шүүгч: Та нарын санаа бодлыг сонсох нь бидэнд үнэ цэнтэй байлаа. Байдал бидний төсөөлснөөс амаргүй байгаа юм байна. Бид үр дүн гаргахын төлөө байна. Бид зөвлөмж л гаргана, үүндээ тусгая. Танай улс тусгаж авах эсэх нь танай дотоод асуудал шүү дээ.

 

       Гэж уулзалдсан хүмүүс маань Канадын Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, тухайн үеийн Альберта мужийн Хааны дээд шүүхийн Ерөнхий шүүгч Мэри Моро, тус улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх хорооны Олон улсын хөтөлбөрийн дарга Олег Шаков нар байсан. Тэд Канадын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийн шугамаар Монголд уригдаж ирсэн сургагч багш нар байлаа.ルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com Энэ онд Монгол-Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож, талууд хоёр талын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн юм.

 

       Тус улсын төсөл хэрэгжүүлж байгаа талууд ШЕЗ-ийн гишүүн Д.Зүмбэрэллхам, сая дарга болдог Л.Энхбилэг, Шүүхийн сахилгын хорооны даргаар ажиллаж байсан Х.Хашбаатар, гишүүн Б.Сугар, УДШ-ийн шүүгч Д.Мөнхтуяа, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Легалдата ХХК-ийн ТУЗ-ийн дарга, арбитрч Т.Алтангэрэл, сэтгүүлч намайг урьж Канадын шүүх хэрхэн нээлттэй байдлаар ажилладаг туршлагаасаа хуваалцсан. Сэтгүүлийн талбай хязгаартай тул товч байдлаар хэдхэн зүйл онцолъё.

 

Бэлэн хоол

 

       1980 онд Канадын Дээд шүүхийн шүүгч Петер Кори “Шүүх дотор байгаа бүх үйл явдлыг нийгмийн эд эс болсон хүн бүр үзэх, сонсох, мэдэх эрхтэй. Сэтгүүлчид үүнд чухал үүрэгтэй. Хүн болгон ирэх боломжгүй ч хүн болгон мэдэх эрхтэй. Иргэд сэтгүүлчдийн мэдээлэлд итгэнэ. Дутуу, буруу зөрүү мэдээллийг авбал шүүхийн нэр хүнд унана. Шүүх тунгалаг байвал сэтгүүлчид бүрэн дүүрэн мэдээлэл өгнө. Ийм учраас шүүх ил тод, нээлттэй байх хэрэгтэй” гэснийг эшлэх дуртайгаа Оттовагийн Хууль зүйн их сургуулийн профессор Стефен Байндмэн бидэнд хэлсэн.

 

Зураг 1. Энэ локап өрөө нь, сэтгүүлчид гаднаасаа цоожлуулаад ордог. Шүүгч зөвлөлдөх тасалгаанаас гараад шууд энд орж ирээд сэтгүүлч нарт үндэслэлээ танилцуулж ойлгуулна. дараа нь хэргийн оролцогчдод шийдвэрээ танилцуулна

 

        Канадад мөрдөн шалгах ажил бүрэн дуусч хэрэг шүүхэд шилжиж ирсэн хойно сэтгүүлчид хүсэлтээ гаргаад хэргийн материалтай танилцаж болдог. Хүүхэд, гэр бүл, бэлгийн хүчирхийлэл, улсын нууцтай холбоотойгоос бусад хэргийн материалтай танилцаж болно. Зарим материалыг и-мэйлээр авч болно. Шүүх хурал руу дуу хураагуур авч орж болох ч, тэрхүү бичлэгээ эх хувиар нь дэлгэхгүй. Харин мэдээгээ алдаагүй бэлдэхийн тулд хэрэглэнэ. Танхим руу зураглаач, зурагчин оруулахгүй. Харин шүүхийн байрны зураг, бичлэг хийж болох хэсгүүдийг тэмдэглэжээ. Шүүх хурлыг шүүх өөрөө шууд дамжуулна. Насанд хүрээгүй хүүхэд, гэрч, шинжээч, нууц албаны ажилтны мэдүүлэг өгч байгаа хэсэг дээр дүрсийг бүдгэрүүлнэ. Таслан сэргийлэх арга хэмжээ, урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг шууд дамжуулахгүй.

 

        Сэтгүүлч шүүх танхимд сууж сурвалжлахаас гадна утас, төхөөрөмжөө хураалгаад сэтгүүлчдийн өрөөнд сууж болно. Тэр өрөөнд суухын давуу тал нь бол шүүгч нар зөвлөлдөх тасалгаанаас гарч ирээд шүүх танхимд орж шийдвэрээ танилцуулахаасаа өмнө сэтгүүлчдийн өрөөнд орж шийдвэр яагаад тэгж гарсныг тайлбарлаж өгдөг байна. Ойролцоогоор 30 минутын хугацаанд хэрэг шийдсэн шүүгч үндэслэлээ самбар дээр бичин нэгд нэгэнгүй тайлбарлаж өгч ойлгуулсныхаа дараа шүүх танхим руу орж хэргийн оролцогчдод танилцуулдаг. Сэтгүүлчдийн өрөөнд л шүүгчээс асууж болно, тэнд асууж чадаагүй бол дахиж асуух эрх байхгүй, шүүгч ч тэндээс гараад дахин хэргийн тухай хэнд ч ярьдаггүй. Хэргийн материал нь нээлттэй, гэм буруугийн шүүх хурал нь нээлттэй, шийдвэрээ шүүгч өөрөө танилцуулаад өгнө гэдэг бол ёстой л “бэлэн хоол”. Ийм бэлэн хоол идчихээд буруу, зөрүү бичээд, мушгиж гуйвуулаад байвал ёстой “онигоо” болно. Шүүхүүд шийдсэн хэргээрээ өдөртөө албан мэдээ гаргачихдаг, тэрийг нь хэвлэл мэдээллийн байгууллага хэрэглэхдээ засваргүй нэвтрүүлэх ёстой байдаг юм байна. Эргэлзэх таамаглах зүйлгүй ил байхаар сэтгүүлч нь шүүгчдээ элдэж хөөгөөд байх шаардлагагүй байдаг аж.

 

Зураг 2. Шүүх хурал ажиглах хүмүүсийн суудаг хэсэг. Суудлууд чихэвчний оролттой.

 

Шүүхийн байр

 

       Оттовагийн Хууль зүйн их сургуулийн профессор Стефен Байндмэн дэлхийн шүүхийн байрны архитектур сонирхон цуглуулдаг. Тэр бидэнд “Монголын Дээд шүүхийг гэрэл зурагт урнаар буулгаж явуулаарай. Би Монголын шүүхэд очиж үзмээр байна” гэв. Канадын Дээд шүүхийн барилгыг тансаг харштай зүйрлэж болно. Гэтэл Монголынх? Засаглал хуваах онолоор бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл. Гэтэл УИХ, Засгийн газар ордонд суудаг. Ирэх жилээс л хотын захиргааны Хангарьд ордонд Дээд шүүхийг оруулж адилхан Сүхбаатарын талбай руу харсан адил тэгш байрлалтай байя гэж байгаагаас биш шүүхийн бусад барилга байшин, тэнд суугаа хүмүүсийн ажиллах орчин нөхцөл ямар билээ гэж бодогдоно. Бид Оттова дахь Канадын Дээд шүүхийн байр руу орохдоо хамгаалалтын албадын шалганаар нэвтэрсэн. Шүүх хурлын гурван танхимтай. Танхимын хагаст нь шүүх хурлыг ажиглахаар ирсэн хүмүүс багтаж болох хангалттай саруул зайтай. Түрүүлж бүртгүүлсэн хүмүүс чөлөөтэй ирээд шүүх хуралд сууж болно. Урт сандлууд чихэвчний оролттой. Шүүх хурлын танхимыг голоор нь заагласан “бар” гэх модон хаалт бий. Тэр хаалтнаас хойшоо иргэд, урагшаа оролцогчид суудаг. Гэтэл Канадын шүүх барын урд, зүүн талаар тангарагтны шүүгч нарын эгц урдаас хараад сууж болох газарт сэтгүүлчдэд эгнээд суух урт ширээ, сандал гаргажээ. Сэтгүүлчдээс өөр хэн ч тэнд суудаггүй. Тэндээ багтахгүй бол барын ард, иргэдийн хамгийн урд эгнээнд сэтгүүлчдээ суулгадаг. Гүүд Яарн коммуникэйшний гүйцэтгэх захирал Алисон Кроуфорд “Хэвлэл мэдээлэл бол шүүхийн түнш. Олон нийт хэвлэл мэдээллээс л шүүхийн тухай ойлголт авч байгаа. Тийм учраас сэтгүүлчдийг урд суулгадаг. Заавал оролцуулдаг” гэсэн. Гэтэл Монголын шүүхийн танхимд сэтгүүлчдийг оруулах нь бүү хэл, шүүх хурлаа хийх танхим хүрэлцэхгүй байгаа. Улсын нийслэл Улаанбаатар байж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх дундаа ганц байртай, жорлонг “тохижуулж” шүүх “танхим” болгоод ашиглаж байгаа.

 

Зураг 3. Сэтгүүлчдийг шүүх танхимд урагшаа суулгана. Тангарагтны шүүгч нарын урдаас харж сууна. Танхимын зүүн талаар гоонжтой эмэгтэйн сууж байгаа тэр хэсэгт. Энэ суудал нь дүүрвэл ажиглагч иргэдийн урд нүүрэнд суулгадаг.

 

Танилцах аялал

 

        1913 онд Их Британын Лорд Аткин, “Шударга шүүхийн амин сүнс нь нээлттэй байдал. Шүүх шударга бус ажиллахаас нээлттэй байдал хамгаалдаг. Шүүх олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байх нь хэд хэдэн давуу талтай. Аль нэгийг бариагүй, шударга хүн болгонд шүүх нээлттэй байх ёстой” гэжээ.

 

      Канадад сурагчид, оюутнууд хүсэлт гаргаад ангиараа шүүх рүү нэвтэрч, шүүгч, шүүхийн ажилтнууд өдөр тутам юу хийдэг тухай мэдэж авна. Ийм танилцах аялалыг Шүүхийн олон нийттэй харилцах ажилтнууд ойр ойрхон зохион байгуулна. Энэ нь мэргэжлээ сонгоогүй хүүхдүүдийг хуульч болох, оюутнуудыг шүүгч болох, ер нь л шүүхийн тухай хүн болгон мэдээлэлтэй болоход чухал нөлөөтэйг хатагтай Алисон Кроуфорд онцолж байсан.

 

       Нова Скоша мужийн Шүүхийн ажлын албаны Харилцаа холбоо хариуцсан дарга Женифер Стэйрс сэтгүүл зүйн ангийн оюутнуудтай эртхэн тулж ажиллахыг илүүд үздэг. Нэгдүгээр дамжааны сэтгүүл зүйн ангийнхныг шүүхтэй танилцуулж, шүүгч нартай уулзуулж, мэдээлэл яаж авч болохыг ойлгуулна. Гурав, дөрөвдүгээр дамжаанд нь мөн л шүүхтэй яаж хамтран ажиллах, болох болохгүйн зааг юу болохыг ойлгуулах нь ажилд орох сэтгүүлчдээ ч тустай, өөрт ч амар байдгийг хэлэв. Нутгийн уугуул иргэд, гэрээс гарахгүй асаргаанд байдаг иргэд, ахмадуудыг ч шүүхтэй танилцуулах нь чухал байдгийг тэрээр онцолсон.

 

Ерөнхий шүүгч нарын манлайлал

 

       Канадын шүүхүүдийн Ерөнхий шүүгч нар гадагшаа шүүхээ төлөөлж идэвхтэй ажилладаг. Олон нийтийн арга хэмжээнд оролцоно, их сургуулиудад илтгэл тавина. Залуучуудтай, судлаачидтай, жирийн иргэдтэй уулзана. Хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгнө. Жилд 1-2 удаа хэвлэлийн бага хурал хийнэ. Ингэхдээ тодорхой хэргийн тухай огт ярихгүй. Харин ярих сэдвийн хүрээ нь статистик, тоон баримт, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээл, ололт амжилтаа ярьдаг байна. Улстөрчид нь шүүхийн шийдвэр ярихгүй, шүүгчид нь улс төрийн асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй байх соёл энэ улсад тогтчихсон гэнэ. Хэрэв улстөрчид шүүхийн асуудалд хутгалдаж ярих юм бол Ерөнхий шүүгч нар тэр улстөрчтэй очиж уулзаад буруу зөрүү ойлголтыг нь засдаг, дахиж тэгж болохгүй тухай ойлгуулдаг. Хэтэрсэн үйлдэл гаргавал шүүхээсээ мэдэгдэл гаргадаг. Шүүгч, шүүхийг шийдсэн асуудлаар нь цоллосон улстөрчийг итгэл даахгүй улстөрч байна гээд түрүүлээд хэвлэл мэдээллийн байгууллага нь шүүмжилдэг тухай Канадын Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард бидэнд ярьсан.

 

        Олег Шаковын хэлснээр Канадын шүүгчдийн цалинг 2004 оноос хойш жил бүр нэмдэг болжээ. Шүүгчид төгрөгөөр сард 60 саяас 90 сая төгрөгийн цалинтай. Өөрийнхөө ажлыг хийхэд улс төрөөс, бусдаас хараат бусаар ажиллаж чадна гэж ийм цалин боджээ. Олон нийтийн итгэл нь төвийг сахисан, хараат бус шүүхээс хамааралтай. Шүүх ард түмний итгэлийг даахгүй бол нийгэмд тогтворгүй байдал үүсэх аюултай. Канадад 1967 оноос хойш Үндсэн хуулиар нэг ч шүүгчийг ажлаас нь халаагүй. Дийлэнх гомдол шүүх хуралд ялагдсан талаас ирдэг. 99 хувийг нь хүлээж авдаггүй. Хүлээж авлаа гэхэд шүүхийн нэр хүнд унахаас сэргийлж шалгагдаж эхэлсэн шүүгч нар түрүүлээд өргөдлөө өгч чимээгүйхэн ажлаасаа гардаг гэсэн юм.

 

Зураг

 

       Канадын шүүхүүд тайлан гаргаж байна. Тайлан сэтгүүл дээрх зургууддаа бүгд найрсгаар инээмсэглэсэн байна. Духаараа харсан, барайсан, хөмсөг зангидсан нэг ч хүн алга. Монголын хуульч, хууль сахиулагчдын нийтлэг төрх гэх үү, бүгд л духаараа харсан, үүнийгээ имиж гэж ойлгосон байдаг. Хүнлэг, энэрэнгүй, төвийг сахисан, шударга шүүгчийн имижийг канадууд өөрөөр тодорхойлсон байгаа нь тайлан сэтгүүлийн зургаас харагдах аж. Шүүхүүд нь веб сайттай. Тэнд шүүгчийн зураг, боловсрол, туршлага, намтрын мэдээлэл байна. Шүүгч нар жилд 10-аас доошгүй удаа сургалтад хамрагдах ёстой. Шүүгч нар сургалтад хамрагдлаа, ийм шүүгч манайд томилогдлоо гэдэг мэдээ байхаас биш “ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ, спорт өдөрлөг хийлээ” гэдэг мэдээ алга аа. Шүүхийн веб сайтын дийлэнх нь иргэдэд зориулсан зөвлөгөө, гарын авлага, шүүхээс үйлчилгээ авахад нь туслах заавар байна. Нэхэмжлэх бичих заавар нь, төрөл бүрийн загвартайгаа. Веб сайтын мэдээллээ “олон нийтэд”, “сэтгүүлчдэд”, “хуульчдад” гэж гурван ангилалд хуваарилсан байна. Сэтгүүлчдэд зориулсан тусдаа цус үүсгэж, тэнд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны хэрэглэж болох заавар, зөвлөгөө, загвар, дэг журам, шүүх хурлын бичлэг, хэргийн материалын жагсаалт байршуулсан байх жишээтэй.

 

 

Зураг 4, 5. Канадын Дээд шүүхийн тайлан сэтгүүл дээрх шүүгчдийн зураг

 

        Гэх мэтээр тоочоод байвал бичих зүйл их. 40 сая хүн амтай, газар нутгаараа дэлхийд хоёрт орох Холбооны улсын шүүх нь ч, нөхцөл байдал нь ч манайхаас олон талаараа ялгаатай. Манай улс Шихихутагаас эхэлж шүүхийн он тооллоо тоолдог ч яг тогтолцооны хэмжээнд тооцоход шүүхийн тоолол 100 жилээр бодогдоно. Иргэдэд ил тод, нээлттэй байх зарчим баримталсан үе бүр сүүлийнх. Монгол Улсад 1993-2013 онд хамтын удирдлагын, орон тооны бус Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллаж, тус байгууллагыг нэг хэсэг Хууль зүй, дотоод хэргийн сайд нар, дараа нь Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хавсран удирдаж ирсэн. 2013 онд тухайн үеийн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Шүүхийн багц хуулийг боловсруулан УИХ-аар батлуулснаар бие даасан, орон тооны Шүүхийн ерөнхий зөвлөлтэй болсон. Энэ бол нээлттэй шүүхийн эхлэл байсан. Сэтгүүлч би сурвалжилж явсныхаа хувьд бие даасан ШЕЗ байгуулсан 2013 оноос энэ чиглэлд ямар үйл явдал өрнөснийг дарга нарынх алба хашсан оны заагаар тоочиж чадна.

 

      Шүүхийн захиргааг Дээд шүүх, Засгийн газраас салгаснаар ШЕЗ философийн Н.Лүндэндорж, иргэний нийгмийн Э.Батбаяр, эрүүгийн процессын Д.Зүмбэрэллхам, нотариатын Р.Онончимэгээр удирдуулж, сүүлд иргэний хэргийн Л.Энхбилэг гэдэг даргатай болж байна.

 

       Анхны дарга философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж бол Монголын шүүхийн шинэчлэлд онцгой гавьяа байгуулсан эрдэмтэн. Өдийг хүртэл 21 аймгийн ихэнх шүүхээр өөрөө очиж шүүгч, шүүхийн ажилтнуудтай биечлэн уулзаж үгийг нь олон нийт, төр засагт хүргэж шүүхийн төсөв, хөрөнгө оруулалт, шүүгчийн цалинг нэмсэн, очсон газар болгоныхоо Соёлын төвд иргэдийг цуглуулан шүүх дээр хийж байгаа шинэчлэл, шүүхийн ажлын онцлогийг тайлбарлаж итгэл нэмсэн дарга байхгүй. Шүүхийн мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, шүүх хурлын зар, шийдвэрийн нээлттэй цахим сан байгуулах, шүүх бүрийг веб сайттай болгох ажил энэ хүний үед хийгдсэн. Шүүгч нар хоцрогдож болохгүй гээд орон нутгийн шүүхэд хайрцаг дүүрэн сүүлийн үеийн ном гардуулдаг эрдэмтэн тэрээр шүүх, шүүгчийн арын албыг залгуулах үндсэн ажилтай ч Шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэхийн тулд магнайд нь гарч манлайлж ажилласан байдаг юм.

 

        Түүний дараа ШЕЗ-ийн даргаар хурандаа Э.Батбаяр томилогдсон. О.Магнай, Ж.Батзандан, Д.Энхбат нартай Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн, Иргэний зориг-Ногоон нам гэгдэн явж улс төрийн дарийн утаа үнэрлэчихсэн Э.Батбаярт ШЕЗ-ийн дарга байсан хугацаа нь мөн л дарийн утаа үнэрлүүлсэн дээ. Ээдрээтэй цаг үе байсан. Шүүгч нартай холбоотой хэрэг дэлгэгдэж, ёс бус бичлэгүүд тарсан. Шүүгч, прокурор, АТГ-ын удирдлагыг огцруулах, томилох эрх мэдлийг ҮАБЗ гартаа авсан. Энэ эрх мэдлийг ҮАБЗ-д өгсөн УИХ шүүхийн төсөвт мөнгө хялайлгахаа больсон. Урсгал зардлын төсөв төдийхнөөр шүүх засаглалыг харангадуулах хэрнээ шүүх рүү хамгийн их дайрч давшилсан жил байв. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Хууль зүйн үндэсний хүрээлэнг удирдаж байсан Э.Батбаяр гэхдээ ажлаа өгөхөөсөө өмнө энэ бүх явдлыг хуулийн аргаар шийдүүлж чадсан. ҮАБЗ-ийн атганаас шүүгчдийг гаргасан. Олон удаагийн хэлэлцүүлэг хийн, шүүгчдийн саналыг тусгуулан Шүүхийн тухай хуулийг шинэчлэн батлуулсан. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг, анхны Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгох нийт шүүгчдийн чуулганыг зохион байгуулж өгөөд чимээгүй явсан.

 

        Шүүхийн тухай хуулийн шинэчлэлээр ШЕЗ-ийн 10 гишүүн нэг жилийн хугацаагаар даргаа сонгодог болсон. Эрүүгийн процессын эрдэмтэн, Элчин сайд Д.Зүмбэрэллхамын даргаар томилогдсон үед Канадын Засгийн газраас “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийн эхлэл тавигдсан. Богино хугацааны энэ төслийн үр нөлөө сайн байлаа. Төслийн хүрээнд Канадын Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Альберта мужийн Хааны дээд шүүхийн Ерөнхий шүүгч Мэри Моро, тус улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх хорооны Олон улсын хөтөлбөрийн дарга Олег Шаков нарыг урьж, тэд Монголын шүүгч, өмгөөлөгч, сэтгүүлчид, судлаачидтай уулзсан. Шүүх нээлттэй, ил тод, тунгалаг байснаар олон нийтийн итгэл нэмэгддэг болох талаар өөрийн улсын шүүхийн туршлагыг хуваалцсан. Хэрэг шийдсэн шүүгч нар гурав хоногт багтаан шийдвэрээ олон нийтэд энгийн, ойлгомжтой байдлаар тойм, хураангуй хэлбэрээр мэдээлдэг болов. Шүүхийн тамгын газрын ажилтнуудад олон нийттэй харилцах талаар сургалт хийсэн. ШСХ, ШЕЗ хамтран “Шүүгчийн ёс зүйн хөтөч” боловсруулж тараав. Сэтгүүлчдэд зориулсан “Шүүх сурвалжлах гарын авлага” гаргасан. Шүүгч сонгон шалгаруулж буй процессыг харьцангуй ил тод болгов. Мөн “Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ба олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь” олон улсын бага хурлыг Улаанбаатарт зохион байгуулсан. Канадын нээлттэй шүүхийн туршлагыг газар дээр нь очиж судлах боломжоор шүүгч, судлаач, сэтгүүлч, ШСХ, ШЕЗ-ийн гишүүдийг хангаснаараа онцлог байлаа.

 

         Р.Онончимэг ШЕЗ-ийн даргаар ажилласан 2023 онд шүүхэд гурван том үйл явдал боллоо. Эхнийх нь Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхлэв. Монголд Гэр бүл, хүүдийн дагнасан шүүх, Хялбар ажиллагааны шүүх байгуулах төсөл орж ирлээ. Засгийн газраас гэнэт “Авлигын шүүх” байгуулна гэсэн санал нэмж тусгасныг эс тооцвол гэр бүлийн болоод жижүүрийн шүүх байгуулах асуудал дээр хуульчид ам сайтай байгаа. Хоёрт, Шүүхийн төсвийг 2023 оныхоос хоёр дахин нэмэгдүүлсэн дүнгээр УИХ-д өргөн барьж, шүүхийг цахимжуулах төслийн санхүүжилтээ бүрэн тусгуулав. Шүүхүүдийн байрны асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр зарласан юм. Гуравт, Монголын Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг боловсруулж УИХ-д өргөн барив. Олны итгэлийг хүлээсэн шүүхтэй болох 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү бодлогод хууль зүйн салбарын олон эрдэмтэн, судлаач саналаа өгсөн байдаг юм. Нэмээд хэлэхэд, Канад улсаас Монголын шүүхэд хэрэгжүүлж байгаа төсөл урт хугацааны хамтын ажиллагаа болох зам руугаа оров. Канадаас “Жендерийн мэдрэмжтэй шүүх”-ийн туршлага нэвтрүүлсэн жилүүдэд ШЕЗ-ийн анхны эмэгтэй дарга болсон Р.Онончимэгийн араас ШЕЗ-ийн 10 гишүүн саналаа хурааж, дараагийн даргаараа хатагтай Л.Энхбилэгийг сонгосон нь бас нэг онцлог. Л.Энхбилэг анхан шатны шүүхэд 20 гаруй жил шүүгчээр ажилласан бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан хүн ШЕЗ-ийг удирдаж байсан удаагүй юм.

 

Эх сурвалж: "Тойм" сэтгүүлийн 2024 оны нэгдүгээр сарын 01-ний дугаар