Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2024.01.11) болж, “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн баталлаа.
Тус журмын дагуу 2022 оноос хойш давхардсан тоогоор анхан шатны шүүхийн шүүгчийн 176, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 38, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 8 сул орон тоонд нийт 5 удаа сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.
Үүний үр дүнд анхан шатны шүүхийн 60 шүүгч, давж заалдах шатны шүүхийн 26 шүүгч, хяналтын шатны шүүхийн 4 шүүгч томилогдсон байна.
Шүүхийг хүний нөөцөөр хангах чиг үүргийн дагуу хуульд нийцүүлж, сул орон тоог богино хугацаанд нөхөн бүрдүүлэх, шилмэл хуульчийг шүүгчийн албан тушаалд томилуулах зорилгоор дээрх журамд нэмэлт, өөрчлөлт оруулав.
Тухайлбал нэр дэвшигч нийлбэр онооны эрэмбийн дарааллаар нэрээ дэвшүүлсэн шүүхийн хэргийн харьяаллын дагуу зарласан сул орон тооноос сонгож, Ерөнхий зөвлөлөөс тогтоосон өдөр саналаа бичгээр гаргана. Сул орон тоо зарлагдсан шүүхийн шүүгчийн албан тушаалаас сонгосон нэр дэвшигчийг шүүх тус бүрээр эрэмбэлэн цахим хуудаст байршуулж, нийтэд мэдээлнэ. Хэрэв сул орон тоо зарлагдсан шүүхийн шүүгчийн албан тушаалыг сонгоогүй бол нэр дэвшигчийн шалгалтын оноо хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх зэрэг нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тогтоол захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болох юм.
Мөн тус хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд сэлгэн ажиллах хүсэлт гаргасан шүүгчийн өргөдлийг хэлэлцээд дэмжсэнгүй.
Хэвлэл мэдээллийн хэлтэс